
Ази, Номхон Далайн Бүсийн Хамтын Ажиллагааны Хэлэлцээр (АНДБХАХ)-ийн Бүсийн төв, Бүгд Найрамдах Солонгос Улсын Атомын Энергийн Судалгааны Хүрээлэн, тус хүрээлэнгийн Дэвшилтэт цацрагийн технологийн хүрээлэнгийн төлөөлөгчид 2026 оны 09 дүгээр сарын 15–17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, бага энергийн электрон хурдасгуурыг суурилуулах, цацрагийн технологийн судалгаа, хөгжүүлэлт болон хэрэглээг өргөжүүлэх боломжийн талаар Цөмийн энергийн комисс (ЦЭК)-ын Ажлын алба болон холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцлоо.
Айлчлалын хүрээнд ЦЭК-ын Ажлын алба, АНДБХАХ-ийн Бүсийн төв болон БНСУ-ын Атомын Энергийн Судалгааны Хүрээлэн хамтран техникийн семинар зохион байгуулж, электрон цацрагийн технологийг судалгаа, эрдэм шинжилгээний салбарт, цаашлаад хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, байгаль орчин болон үйлдвэрлэлийн салбарт ашиглах боломж, технологи нэвтрүүлэх үе шат, эдгээрт чиглэсэн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Семинарын үеэр Монгол Улсад олон зориулалтаар ашиглах боломжтой Бага энергийн электрон хурдасгуур нэвтрүүлэх, манай улсын хэрэгцээ, нөхцөлд тохируулан ашиглах нь, БНСУ-д хэрэгжүүлсэн судалгаа, хөгжүүлэлтийн төслүүдийн туршлага, тоног төхөөрөмжийн бүтэц, загварчлал, ажиллах зарчим, хүний нөөцийн сургалт, ашиглалт, засвар үйлчилгээ болон технологийн хэвийн үйл ажиллагааг хангах цогц дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Монгол Улс эрс тэс уур амьсгалтай, ургац хураалтын хугацаа богино бөгөөд намар хураасан тариалангын бүтээгдэхүүнийг дараагийн ургац хүртэл олон сарын турш хадгалах шаардлагатай байдаг. Хадгалалтын нөхцөлөөс шалтгаалсан бүтээгдэхүүний хорогдол өндөр байдгаас гадна жимс, нарийн ногоо зэрэг зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импортын хамаарал их байгаа нь хүнсний аюулгүй байдал, ургамлын хорио цээрийн хяналтыг сайжруулах шаардлагыг нэмэгдүүлдэг.
Үүнтэй холбоотойгоор электрон цацрагийн технологийг ургацын дараах хадгалалтын үеийн хорогдлыг бууруулах, хүнсний бүтээгдэхүүний бичил биетний бохирдлыг багасгах, хадгалалтын хугацааг уртасгах, ургамлын хорио цээрийн боловсруулалт хийхэд ашиглах боломжийг талууд ярилцлаа.
Мөн Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний экспортын боломжийг нэмэгдүүлэх хүрээнд сав баглаа боодол болон бүтээгдэхүүний гадаргуугийн бичил биетний бохирдлыг бууруулах, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангахад цацрагийн боловсруулалтын технологийг ашиглах боломжтойг онцлоод, эмнэлгийн хэрэгсэл, нэг удаагийн зүү, тариур болон ариун чанар шаарддаг бусад бүтээгдэхүүн, зарим гоо сайхны бүтээгдэхүүнийг боловсруулах, химийн ариутгалын хэрэглээг тодорхой хэмжээгээр орлуулах, мөн тэжээвэр амьтдын хоол, ургамлын гаралтай түүхий эд болон бусад бүтээгдэхүүний боловсруулалтад цацрагийн технологийг ашиглах боломж байгааг судлагааны үр дүн харуулав.
БНСУ-ын Атомын Энергийн Судалгааны Хүрээлэнгийн ахлах судлаач, доктор Ким Бённам Монгол Улсын өнөөгийн хэрэгцээ, дэд бүтэц болон цацрагийн технологийн хэрэглээний түвшнийг харгалзан эхний ээлжинд өндөр хүчин чадалтай нэг том цацрагийн боловсруулалтын төв байгуулахаас илүүтэй, төрөл бүрийн бүтээгдэхүүн болон хэрэглээний зарим салбарын туршилт, судалгаа хийх боломжтой бага энергийн электрон хурдасгуур суурилуулж, үндэсний судалгаа, хөгжүүлэлтийн чадавхыг үе шаттайгаар бүрдүүлэх нь тохиромжтой талаар санал танилцуулсан.
Ингэснээр цацрагийн технологиор боловсруулах бүтээгдэхүүн тус бүрийн онцлогт тохирсон тунгийн бодит өгөгдөл бий болгох, үр дүнг олон улсын стандарт, шаардлагатай харьцуулан баталгаажуулах, технологийн ашиглалттай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээний бодит туршлага хуримтлуулах боломж бүрдэхийг онцлов.
Энэ нь цаашид Монгол Улсад хэрэгцээтэй цацрагийн боловсруулалтын байгууламжийн төрөл, хүчин чадал, техникийн үзүүлэлтийг бодит судалгаа, өгөгдөлд үндэслэн сонгох суурь болох ач холбогдолтой юм.
Айлчлалын үеэр цацрагийн технологийн хэрэглээг хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбараас гадна соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, бохир ус боловсруулах, материалын шинж чанарыг сайжруулах, үйлдвэр болон цахилгаан станцын үйл ажиллагаанаас үүсэх зарим төрлийн бохирдуулагчийг бууруулах зэрэг чиглэлээр хөгжүүлэх боломжийн талаар мөн талууд хэлэлцсэн.
Тухайлбал, электрон цацраг ашиглан үйлдвэрээс ялгарах дэгдэмхий органик нэгдэл (VOC), нийт нүүрсустөрөгч (THC) зэрэг органик бохирдуулагчийг задлах, хийг цэвэршүүлэх болон дахин эргэлтэд оруулах технологийн шийдлийн талаар “EPS” төслийн төлөөлөгчид танилцуулсан. Улмаар Дулааны IV Цахилгаан Станц ТӨХК-д төлөөлөгчид утаа буюу үнсийг барих цахилгаан шүүлтүүр (электрофильтер)-ийн үйл ажиллагаатай танилцаж, Судалгаа хөгжлийн албатай хамтран хаягдал үнсээр бордоо хийх цацрагийн боловсруулалтын технологийн туршилтыг МУИС-ийн Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэнгийн судлаачдын тусламжтай явуулах сонирхлоо илэрхийлэв.
Техникийн семинар ба нийт айлчлалд оролцсон талууд электрон цацрагаар шарах, боловсруулах технологийг Монгол Улсын нөхцөлд ашиглахын өмнө хэрэглээ тус бүрээр туршилт, судалгаа хийж, техникийн болон эдийн засгийн үр ашгийг бодит өгөгдлөөр тогтоох нь чухал гэдэгт санал нэгдэж, БНСУ-ын төлөөлөгчид Монгол Улсын холбогдох эрдэм шинжилгээ, судалгаа болон үйлдвэрлэлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсаны үр дүнд цацрагийн технологийн чиглэлээр хамтарсан судалгаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжилтэн сургах, технологийн туршилт хийх талаар зөвшилцөлд хүрсэн.
Улмаар МУИС-ийн Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн болон БНСУ-ын Атомын Энергийн Судалгааны Хүрээлэнгийн Дэвшилтэт цацрагийн технологийн хүрээлэн хооронд “Цацрагийн шинжлэх ухаан, технологи болон түүний хэрэглээний чиглэлээр хамтын ажиллагааны баримт бичиг”-т гарын үсэг зурлаа.
Уг баримт бичигт гарын үсэг зурснаар хоёр байгууллага цацрагийн шинжлэх ухаан, технологи болон түүний хэрэглээний чиглэлээр судалгаа, хөгжүүлэлтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, чиглэл бүрийн эрдэмтэн, судлаачдын харилцан солилцоо, мэдлэг, туршлага хуваалцах, хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх боломжийг цаашид хөгжүүлэх суурь бүрдэж байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад цацрагийн технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай үндэсний судалгаа, хөгжүүлэлтийн чадавх болон мэргэжлийн хүний нөөцийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байх юм.