
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Чимэдлхамаар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж, байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, орон нутаг дахь цахим шилжилтийн үйл ажиллагааны хэрэгжилттэй танилцах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр холбогдох уулзалтуудыг зохион байгууллаа. Томилолтын үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Орхон аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн даргаар Б.Халиунааг томилон ажиллуулах тухай шийдвэрийг хэлтсийн албан хаагчдад танилцуулж, шинээр томилогдсон удирдлагатай хамтран ажиллах, байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө. Мөн Орхон аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийн тайлантай танилцаж, хэрэгжүүлсэн ажлын үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар санал солилцон, мэргэжил арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч ажиллав. Түүнчлэн томилолтын хүрээнд Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Жанболат нартай уулзаж, аймаг орон нутагт хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь 21 аймаг дахь Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааг дэмжих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр аймаг, орон нутгийн удирдлагуудтай тогтмол хамтран ажиллаж байна.