
БОГД БАНКТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Улсын бүртгэлийн ерөнхий газраас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах, бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
📌Энэ хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Богд банк 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
📌Хамтын ажиллагааны хүрээнд банкны харилцагчийн зөвшөөрөлд үндэслэн барьцааны гэрээ байгуулах болон барьцааны гэрээ дуусгавар болсныг улсын бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагааг цахимаар шуурхай гүйцэтгэх боломж бүрдэж байна.
📌Ингэснээр банкнаас барьцааны бүртгэл хийлгэхээр улсын бүртгэлийн байгууллагад холбогдох баримт бичгийг хүргүүлж, бүртгэл хийлгэсний дараа дахин очиж, буцах зэрэг олон шат дамжлагатай, цаг хугацаа шаардсан үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, банк болон улсын бүртгэлийн байгууллагын хоорондын мэдээлэл солилцоо, бүртгэлийн үйл явцыг шуурхай болгох юм.
📌Түүнчлэн барьцааны гэрээ дуусгавар болсон тохиолдолд бүртгэлээс хасуулах үйл ажиллагааг мөн цахимаар гүйцэтгэх боломжтой болж, банкны ажилтан болон харилцагчийн цаг хугацаа, зардал, явдал чирэгдлийг бууруулах, улсын бүртгэлийн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй авах нөхцөл бүрдэж байна.