
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг 2026 оны 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж буй 40 дэх удаагийн Номын баяр, “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” энэ сарын 18-20-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Д.Сүхбаатарын талбайд болно.
Энэ удаагийн Номын баяр нь залуу хэвлэн нийтлэгчдийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын хэвлэн нийтлэгчидтэй соёлын солилцоо хийхэд чиглэж байгаагаараа онцлогтой.
Номын баярын гурван өдрийн турш Зохиолчдын хэсэг, Гадаад оролцогчдын гудамж, Хэвлэлийн газруудын тусгай гудамж, залуу хэвлэн нийтлэгчдийн “Indie Street”, Зурагт номын гудамж зэрэг хэсэг ажиллаж, зохиолч, уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, гарын үсэгтэй худалдаа, хүүхдийн номын уншлага, шатрын тэмцээн, урлагийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулагдана.
Энэ удаагийн Номын баярт Монголын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгэм, утга зохиол, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, мөн Энэтхэг, БНСУ, БНХАУ, Япон, Киргиз зэрэг 10 гаруй орны 30 гаруй хэвлэн нийтлэгч, утга зохиолын төлөөлөл оролцож байна.
Мөн уламжлал ёсоор “Мэргэн ном” цом гардуулахын зэрэгцээ номын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан зохиолч, уран бүтээлч, хэвлэн нийтлэгчдийг дэмжих “Улаанбаатар грант” олгоно. Энэ жилийн грантад дөрвөн бүтээл нэр дэвшиж байна.
Номын баярын нээлтийн ёслол 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12:00 цагт Сүхбаатарын талбайд эхэлж, MNB шууд сурвалжилна. Нээлтийн үйл ажиллагааг орон даяар дамжуулахаар төлөвлөжээ.
Цаашид “Номын соёлт ертөнц” ТББ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Улаанбаатар хотыг “Дэлхийн номын нийслэл”-д нэр дэвшүүлэх зорилгын хүрээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж байна.