
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 70 дугаар чуулганы хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Цацрагийн анагаах ухааныг өргөжүүлэх санхүүжилтийн амжилттай туршлага” сэдэвт дагалдах арга хэмжээ зохион байгуулагдав.
Тус арга хэмжээнд Монгол Улсаас Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал илтгэгчээр оролцож, Монгол Улсад хорт хавдрын оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цацрагийн эмчилгээний хүчин чадлыг өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх гэж буй “Монгол Улсын цацрагийн эмчилгээний дэд бүтцийг бэхжүүлэн өргөжүүлэх, позитрон эмиссион томографийн (PET) оношилгооны байгууламж байгуулах төсөл”, төслийн санхүүжилтийг бүрдүүлэх үндэслэл бүхий баримт бичиг (Bankable Document)-ийг боловсруулж буй туршлагаа танилцуулав.
Энэхүү дагалдах арга хэмжээ нь ОУАЭА-ийн дэмжлэгтэйгээр цацрагийн эмчилгээний тусламж, үйлчилгээг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэхээр ажиллаж буй улс орнуудын туршлагыг танилцуулах, төслийн санхүүжилтийн үндэслэл, тогтвортой байдал, эдийн засгийн үр өгөөж болон цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны асуудлыг хэлэлцэх зорилготой байв.
Монгол Улсын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн нийт хөрөнгө оруулалтын хэрэгцээ 61 сая евро бөгөөд төслийг “Алсын хараа-2050”, Хавдартай тэмцэх үндэсний төлөвлөгөө (2025-2028), ОУАЭА-ийн “Итгэл найдварын туяа” санаачилгын хүрээнд 2024 онд Монгол Улсад хийсэн imPACT үнэлгээний зөвлөмжтэй уялдуулан боловсруулж байна.
Монгол Улсад хорт хавдрын өвчлөл, нас баралт өндөр, өвчтөнүүдийн дийлэнх нь хожуу шатанд оношлогддог бөгөөд цацрагийн эмчилгээний тусламж, үйлчилгээ нийслэлд төвлөрсөн хэвээр байгаа нь эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн ялгааг бууруулах, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг нэвтрүүлэх шаардлага тулгарч байгаа юм.
Эдгээр хэрэгцээнд үндэслэн боловсруулж буй “Монгол Улсын цацрагийн эмчилгээний дэд бүтцийг бэхжүүлэн өргөжүүлэх, позитрон эмиссион томографийн (PET) оношилгооны байгууламж байгуулах төсөл”-ийн хүрээнд Ховд аймагт бүсийн цацрагийн эмчилгээний төв байгуулах, Улаанбаатар хотод Хавдар судлалын үндэсний төвийн хоёр дахь цацрагийн эмчилгээний байгууламжийг барих, мөн PET болон цөмийн анагаах ухааны зориулалтын байгууламж байгуулахаар төлөвлөж байна.
Монгол Улс ОУАЭА-ийн техникийн дэмжлэг, зөвлөмжид тулгуурлан төслийн баримт бичгийг боловсруулах ажлыг зохион байгуулж, Эрүүл мэндийн сайдын 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн А/10 дугаар тушаалаар Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Хавдар судлалын үндэсний төвийн холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн үндэсний баг байгуулан ажиллаж байна.
Илтгэлийн үеэр төслийн тогтвортой хэрэгжилтийг хангахад хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх чухал ач холбогдолтой болохыг онцолж, цацрагийн хавдар судлаач, эмнэлгийн физикч, цацрагийн эмчилгээний технологич, сувилагч, цөмийн анагаах ухааны эмч, технологич зэрэг мэргэжилтнүүдийн чадавхыг үе шаттайгаар бэхжүүлэхээр төлөвлөж буйг танилцууллаа.
Цаашид Монгол Улс төслийн санхүүжилтийг бүрдүүлэх, шаардлагатай дэд бүтэц, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар бий болгох, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр ОУАЭА-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
Төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад цацрагийн эмчилгээ болон цөмийн анагаах ухааны тусламж, үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлж, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг сайжруулах, бүс нутгийн ялгааг бууруулах, гадаад улсад эмчлүүлэх тоог бууруулах, хорт хавдартай өвчтөнүүдийн эмчилгээний үр дүн, амьдралын чанарыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах хүлээлттэй байгаа юм.