
Монгол Улс нийгмийн хамгааллын тогтолцоондоо томоохон шинэчлэлийн үйл явцыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар хууль, эрх зүйн чухал шинэчлэлийг хийж буй цаг үед Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй удирдлагууд Англи улсын “Хөгжлийн жим” судалгааны байгууллагын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга бөгөөд нийгмийн бодлогын зөвлөх Стефен Кид, Нийгмийн хамгааллын мэргэжилтэн Даниша Раш, НҮБ-ын Хүүхдийн сангийн нийгмийн бодлогын ахлах Б.Мөнхтуул, Нийгмийн хамгааллын зөвлөх Ч.Долгорсүрэн, хөтөлбөрийн ажилтан Н.Жаргалмаа нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ашгийг хангах талаар аймгаас баримталж байгаа бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгөв. Үүний дараа “Хөгжлийн жим” судалгааны байгууллагаас хэрэгжүүлж буй манай улсын нийгмийн хамгааллын тогтолцоон дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих одоогийн тогтолцоо, асаргааны үйлчилгээ, нийгмийн даатгалын тэтгэмжийн талаарх мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийж, хэрэгжилтийн түвшинд хийдлийг тодорхойлсон, нийгмийн хамгааллын хүрээний шинэчлэлийн хөтөлбөрийн тогтолцоонд суурилсан шийдлийг хамтран хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.
Дашрамд дурдахад манай аймгийн нийт хүн амын 3 орчим хувийг тусгай хэрэгцээт иргэд эзэлдэг. Эдгээр иргэдийн 245 нь байнгын асаргаанд байдаг ба 1610 нь нийгмийн даатгалын сан, 1135 нь нийгмийн халамжийн сангийн тэтгэмжид хамрагддаг. Тусгай хэрэгцээт иргэдийн 551 нь хөдөлмөр эрхэлдэг ба энэ нь нийт тусгай хэрэгцээт иргэдийн 37.8 хувийг эзэлж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын Хууль тогтоомжийн дагуу 25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь нийт ажилчдынхаа 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангах заалтын хүрээнд 22 сумын 70 аж ахуйн нэгжид 142 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллахаас өнөөдрийн байдлаар 108 иргэн ажиллаж байна.