МЭДЭГДЭЛ
мэдээ•2026-09-15 11:39•0• Админ .png)
“Шуранхай.МН” фэйсбүүк хуудсаар “Алтанбулаг чөлөөт бүсээр хуурамч архи оруулж ирдэг” гэх агуулга бүхий мэдээ, дүрс бичлэгийг цахим орчинд түгээж, олон нийтийг төөрөгдөлд оруулж байгаатай холбогдуулан энэхүү албан ёсны мэдэгдлийг гаргаж байна.
Юуны өмнө дээрх агуулга бүхий тайлбартай дүрс бичлэг нь бодит байдлыг гуйвуулсан, үндэслэлгүй, илт худал мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдье!
Учир нь Алтанбулаг чөлөөт бүсэд худалдаалагдаж буй архи, согтууруулах ундааг чөлөөт бүсэд нэвтрүүлэхэд Монгол Улсын Гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гарал үүсэл, чанарын баталгаанд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд дээж авч, өөрийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийсний үндсэн дээр зөвшөөрөл олгодог.
Татварын Ерөнхий Газар нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг үндэслэн архи, согтууруулах ундаанд татварын тэмдэг нааж хяналт тавьж ажилладаг учраас чанарын баталгаатай эсэхэд эргэлзэх шаардлагагүй билээ.
Иймд чөлөөт бүс дээр хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн нэр хүнд, бизнесийн ашиг орлогод сөргөөр нөлөөлөхүйц энэхүү илт худал мэдээлэлд итгэхгүй, цаашид түгээхгүй байхыг иргэд, олон нийтэд уриалж байна.
АЛТАНБУЛАГ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА