
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн төлөө – ЗА бол ЗААВАЛ хийе” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна.
Тус хөдөлгөөн нь хүүхэд бүрийн эрх, аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан илрүүлэх, мэдээлэх, үнэлэх, бууруулах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд төр, байгууллага, иргэн бүрийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
“Үндэсний дата төв” УТҮГ нь үндэсний хөдөлгөөний зорилгыг дэмжин байгууллагын Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, хүүхэд хамгааллын хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хүүхэд, гэр бүлд ээлтэй ажлын орчныг дэмжих, хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн байгууллагын үндсэн чиг үүрэг, мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагаатай уялдуулан хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад цахим орчны аюулгүй байдал, хувийн мэдээллийн хамгаалалт, цахим залилан, фишинг болон бусад цахим эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг цахим мэдээллийн сувгаар хүргэхэд анхаарч ажиллана.
Цаашид хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангаж, ажилтан, албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх, цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг дэмжих ажлыг байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлнэ.
Хүүхдийн төлөө зөв гэж үзсэн зүйлээ зөвхөн ярих бус, бодитоор хэрэгжүүлье.
“ЗА бол ЗААВАЛ хийе.”