
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сумын Засаг дарга Д.Бямбажаргал, аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Эрдэнэбилэг, Тагнуулын газрын дарга Д.Буян-Өлзий, УЦУОШТ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Өлзийжаргал, “Булган Мээж” ОНӨХК-ийн захирал О.Далайцэрэн нар Булган суманд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж байна.
Ажлын хүрээнд сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, хэрэгжилтийн явц, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн бэлтгэл хангалт, дулаан хангамжийн хэвийн ажиллагаа, инженерийн шугам сүлжээний бэлэн байдал, түлш, түлээний нөөц бүрдүүлэлт, ус хангамж, ариутгах татуургын системийн найдвартай ажиллагаа зэрэг чиглэлээр газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж байна.
Мөн өвлийн улиралд цаг агаарын хүндрэл, хүйтний эрч чангарах, цас зуд болон бусад болзошгүй эрсдэлийн үед байгууллага, иргэдийн хэвийн үйл ажиллагаа, амьдрах орчинд хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай нөөц, бэлтгэл хангалтыг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Ажлын хэсгээс холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэлд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, бэлтгэл ажлыг хугацаанд нь бүрэн хангах, болзошгүй эрсдэлийн үед шуурхай арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах чиглэлээр үүрэг, зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг ийнхүү урьдчилан хангаж, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлснээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн аж ахуйн үйлчилгээний хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах ач холбогдолтой юм.