
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Тогтоол батлах тухай” 03 дугаар тогтоолоор “Хүүхдийн төлөө–ЗА бол ЗААВАЛ хийе” үндэсний хөдөлгөөнийг батлан, орон даяар хэрэгжүүлж байна.
Хөдөлгөөн нь хүүхэд бүрийн эрх, аюулгүй байдлыг хангах, хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан илрүүлэх, мэдээлэх, үнэлэх, бууруулах, гэр бүл, боловсролын байгууллага болон олон нийтийн орчинд хүүхдэд ээлтэй, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.
Үндэсний хөдөлгөөн хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний үе шат нь 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, хоёр дахь үе шат нь 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Тогтоолоор холбогдох байгууллагуудад өгсөн чиг үүргийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон “И-Монгол академи” УТҮГ хамтран төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийн E-Kids цэсээр дамжуулан иргэд, олон нийтээс хүүхдийн эрх, аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлийн талаарх мэдээллийг цахимаар хүлээн авч, холбогдох байгууллагад шуурхай хүргүүлэх ажлыг зохион шат дараатай зохион байгуулж байна.
Мөн хүүхдийн гэр бүл, боловсролын орчны аюулгүй байдлыг үнэлж, болзошгүй эрсдэлийг тодорхойлох зорилгоор “Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчны үнэлгээ”-г зохион байгуулж, “Гэр бүлийн орчныг үнэлэх”, “Боловсролын сургалтын орчныг үнэлэх” судалгааг E-Mongolia системээр 2026 оны 08 дугаар сарын 28-наас 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл авч, нийт 11,744 иргэн хамрагдсан байна. Тус судалгааны үр дүнд үндэслэн хүүхдийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, аюулгүй, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх цаашдын арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх юм.
Иргэдийн оролцоонд тулгуурласан энэхүү судалгаа, цахим мэдээллийн үр дүн нь хүүхдийн эрсдэлийг тоон болон бодит мэдээлэлд үндэслэн тодорхойлох, цаашид эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.
“Хүүхдийн төлөө – ЗА бол ЗААВАЛ хийе” үндэсний хөдөлгөөн нь хүүхдийн эрх, хамгааллыг зөвхөн төрийн байгууллагын үүрэг бус, иргэн бүрийн оролцоо, хариуцлага, хамтын үйлдлээр бодит үр дүнд хүргэхийг зорьж байна.
Хүүхдийн төлөө зөв гэж үзсэн зүйлээ зөвхөн ярьдаг бус, заавал хэрэгжүүлдэг байя.
“ЗА бол ЗААВАЛ хийе.”