
Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах, хүүхэд багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор боловсруулсан “Боосай карт” тоглоомыг аймгийн Боловсролын газарт хүлээлгэн өглөө.
Тус үйл ажиллагаа нь Онцгой байдлын ерөнхий газар, Монгол-Японы хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэний тогтвортой үйл ажиллагаа, боловсрол” төслийн хүрээнд зохион байгуулагдлаа.
“Боосай карт” нь хүүхэд, сурагчдад гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг тоглоомын аргаар олгох, өдөр тутмын амьдралд аюулгүй зөв дадал хэвшүүлэхэд чиглэсэн сургалтын шинэлэг хэрэглэгдэхүүн юм.
Монгол Улсад 2026-2030 онд хэрэгжүүлэх гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээний дунд хугацааны III үе шатны төлөвлөгөөнд “Боосай карт”-ыг ерөнхий боловсролын бүх сурагчдад олгож, картан тоглоом болон сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах арга хэмжээг тусгасан байна.
Тус картан тоглоомд: Гамшиг, осол, аюулт үзэгдэл, замын хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй амьдрах ухаан, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг Монгол ардын зүйр цэцэн үг, уламжлалт домог, яриа зэрэгтэй хослуулан хүүхдэд ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр тусгасан нь онцлог юм.
Хүүхэд бүр гамшгаас хамгаалах мэдлэгтэй, аюулгүй амьдрах зөв дадалтай иргэн болж төлөвших нь гамшгийн эрсдэлийг бууруулах чухал алхам юм.
ТОГЛООМООР ДАМЖУУЛАН МЭДЛЭГТЭЙ БОЛЖ, МЭДЛЭГЭЭРЭЭ АЮУЛААС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЪЯ!