
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, аймгийн Ахмадын хороо хамтран Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан ахмад иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Үйлдвэрлэж бүтээе – Хөдөлмөрлөж хөгжье” анхны бие даасан үзэсгэлэн худалдааг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус үзэсгэлэн худалдаанд аймгийн 10 сумын 60 ахмад иргэн өөрсдийн хөдөлмөр, ур чадвараар үйлдвэрлэж, бүтээсэн есөн төрлийн бараа, бүтээгдэхүүнээр оролцож, бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулан, нийт 11.2 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Тус ажлын хүрээнд ахмад иргэдийн үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих, бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдний хөдөлмөр, туршлага, ур чадвараа харилцан солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдсэн байна.
Үзэсгэлэн худалдаанд идэвх санаачилгатай оролцож, тэргүүн байрт Хулд сум, дэд байрт Цагаандэлгэр сумын ахмадууд шалгарчээ. Мөн "Үзэсгэлэнгийн онцлох ахмад”-аар Хулд сумын С.Цэвээндоо, Сайнцагаан сумын Д.Гэрэл, Цагаандэлгэр сум А.Энхтуяа нар шалгарсан байна.
Цаашид ахмад иргэдийн хөдөлмөр, үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах юм.
Энэхүү үзэсгэлэн худалдаанд идэвх санаачилгатай оролцож, хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлсан ахмад иргэдийг холбогдох шагналаар шагнаж, урамшууллаа.
Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр:
Б.Өлзий-Орших – Сайнцагаан сум
Б.Хандаа – Сайнцагаан сум
Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр:
Ш.Болд – Хулд сум
У.Цэндсүрэн – Хулд сум
З.Алимаа – Сайнцагаан сум
“Ахмадын алдар” медалиар
Д.Сарантуяа – Хулд сум
Д.Мягмардорж – Цагаандэлгэр сум
Аймгийн Ахмадын хорооны өргөмжлөлөөр
Л.Оргодол – Сайнцагаан сум