
Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилсан “Эрх зүйт төр – Иргэний итгэлцлийн реформ”-ын хүрээнд ХЗДХЯ болон түүний харьяа агентлагууд хамтран Нийслэлийн 9 дүүрэгт “Хуулиа дээдэлж – Хариуцлагаа ухамсарлая” сэдэвт бүх нийтийн эрх зүйн боловсрол, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн аяныг өнөөдөр /2026.07.27/ эхлүүллээ.
Өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд “Явуулын оффис” ажиллаж байгаа бөгөөд салбарын харьяа 11 байгууллагаас иргэдэд төрийн үйлчилгээ болон хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг шуурхай хүргэж байна.
Энэхүү аяны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч, холбогдох хууль, эрх зүйн зөвлөгөө болон шаардлагатай мэдээ мэдээллээр иргэдийг ханган ажиллаж байна.
Иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх зорилготой уг явуулын оффис нь иргэн бүрд нээлттэй бөгөөд аян 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.