
Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас “Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх” ажлын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, 16 яам, 38 агентлаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 18 аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг нийт 74 байгууллагын үйл ажиллагаанд Эрсдэлийн удирдлагын төлөвшлийн үнэлгээг хийсэн байна.
Тус үнэлгээгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ-дотоод аудитын газраас ирүүлсэн эрсдэлийн үнэлгээний тайлан, төлөвлөгөө нь “Байгууллагын удирдлагын манлайлал, дэмжлэг сайн, эрсдэлийн удирдлагын тогтолцоо хэрэгжиж, хэвшсэн түвшинд хүрсэн” гэж үнэлэгдэн, шилдэг 10 байгууллагын нэгээр шалгарч, “Талархал”-ын бичгээр шагнагдлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан аргачлалын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2025 оны эрсдэлийн удирдлагын хэрэгжилтэд үнэлгээ хийж, байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй голлох эрсдэлүүдийг тодорхойлон, тэдгээрийг бууруулах хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн юм.