
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л. Буанган, Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Абел Ломакс, Эдийн засгийн асуудал хариуцсан ажилтан Майкл Ричмонд, Эдийн засгийн хэлтсийн ажилтан М.Алтанцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны мэдээллийн технологи, харилцаа холбоо, инновац, хиймэл оюуны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Тухайлбал, Монголын технологийн компаниудын хиймэл оюуны тооцооллын хүчин чадлыг нэмэгдүүлэх GPU дэд бүтцийг нэвтрүүлэхэд АНУ-ын талын дэмжлэг, технологийн түншлэл болон нийлүүлэлтийн боломжийг судлах, Монголын компаниудыг АНУ-ын технологийн компани, үйлдвэрлэгчид болон экосистемтэй холбох талаар хэлэлцлээ.
Мөн АНУ-ын технологи, инновацын шийдэл, туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, Монголын технологийн компаниудыг олон улсын зах зээлд гаргах, хөрөнгө оруулалт болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг ярилцав.
Түүнчлэн, “American Technology Week 2026” арга хэмжээг 2026 оны 9-р сарын 7–11-ний өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан Монголын технологийн компаниудыг оролцуулах, АНУ-ын компаниудтай холбох, шинэ технологи, инновацын шийдлүүдийг танилцуулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.