
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулж буй “Ногоон хиймэл оюун, шинжлэх ухаан ба дижитал шилжилт” арга хэмжээний гуравдугаар хэсгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран нээж, оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.
Тус хэсэгт хиймэл оюун ухаан, шинжлэх ухаан, дижитал технологийг байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ашиглах боломж, үр нөлөөний талаар эрдэмтэн, судлаачид илтгэл танилцуулж байна.
Энэ үеэр ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Г.Бүрэнбаатар “The Role of Digital Herbarium Data in Achieving COP17 Convention Targets” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрээр гербарийн мэдээллийг цахимжуулж, нэгдсэн өгөгдлийн сан бүрдүүлэх нь ургамлын төрөл зүйл, биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын доройтлыг үнэлэх, цөлжилттэй тэмцэх бодлого, шийдвэр гаргалтыг шинжлэх ухааны нотолгоо, бодит өгөгдөлд тулгуурлан хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
Мөн дижитал гербарийн мэдээллийг өгөгдлийн шинжилгээ болон орчин үеийн технологитой уялдуулснаар экосистемийн төлөв байдлыг үнэлэх, нөхөн сэргээлтийн арга хэмжээг оновчтой төлөвлөх, байгаль орчны өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хянах боломж нэмэгдэхийг танилцууллаа.
Ийнхүү шинжлэх ухааны өгөгдлийг цахимжуулж, хүртээмжтэй болгох нь байгаль орчны судалгаа, бодлого, шийдвэр гаргалтыг нотолгоонд суурилуулахын зэрэгцээ цөлжилт, газрын доройтолтой тэмцэх үр дүнтэй шийдэл боловсруулахад чухал ач холбогдолтой юм.