
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын гурав дахь өдөр “Тэрбум модны хөдөлгөөн: Монгол–Хятадын хамтын ажиллагаа” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд Хятадын талаас цөлжилттэй тэмцэх, экологийн нөхөн сэргээлт, элс тогтоох технологи, ус хэмнэлттэй усалгаа, ногоон байгууламж, биоинженеринг, хөдөө аж ахуй, ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг мэргэжлийн холбоо, судалгааны байгууллага, сан, аж ахуйн нэгжийн удирдлага, эрдэмтэн, инженерүүд оролцов.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүний зөвлөх Э.Загдсүрэн Гурвансайхан сумын хот байгуулалт, ногоон төлөвлөлт, тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа. Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Дундговь аймгийн цөлжилт, газрын доройтол, усны хомсдолын өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, хэрэгжүүлэхээр зорьж буй “Цөлийн хөгжил” төслийн хүрээнд технологи, хөрөнгө оруулалт, туршилт, үзүүлэх төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Хятадын цөлжилттэй тэмцэх, экологийн нөхөн сэргээлтийн чиглэлийн мэргэжилтнүүд наймдугаар сарын 20-ны өдөр Гурвансайхан суманд ажиллаж, орон нутгийн хөрс, ус, ургамал, байгаль, цаг уурын нөхцөл болон ногоон төлөвлөлттэй газар дээр нь танилцахаар боллоо.
Мөн аймгийн Засаг дарга “Чингис хаан” баялгийн сангийн хэлэлцүүлэгт оролцож, уул уурхайн нөхөн сэргээлт, говийн нөхцөлд мод тарих, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хөв цөөрөм байгуулах асуудлаар санал солилцов. Хэлэлцүүлгийн үр дүнд “Эрдэнэс Алт” ХХК Дэрэн сумын нутаг дэвсгэрт хөв цөөрөм байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.
Дундговь аймаг COP17-ын хүрээнд цөлжилт, газрын доройтол, усны хомсдолын асуудлыг олон улсын түвшинд танилцуулахаас гадна орон нутагт хэрэгжих бодит төсөл, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааг эхлүүлэхэд анхаарч байна.