
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) хүрээнд өнөөдөр Ногоон бүсийн нээлт болж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн: “Нэг зорилго – Нэгдсэн шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун панелистаар оролцож, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дундговь аймагт хэрэгжүүлж буй сайн туршлага, тулгамдаж буй асуудлыг танилцуулан, говийн бүсэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүсэлт, санал дэвшүүллээ. Мөн банк, санхүүгийн байгууллагуудад тулгамдаж буй сорилтыг шийдвэрлэх боломж, олон талт хамтын ажиллагаа, хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрийн талаар оролцогчид санал солилцов.
Үүний зэрэгцээ Ногоон бүсэд Дундговь аймгийн тайзны үйл ажиллагааг зохион байгуулж, аймагт цөлжилтийн чиглэлээр хийсэн судалгааны үр дүн, аймгийн санал санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа. Мөн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид урлагийн тоглолт толилуулж, Д.Отгонбаярын зохиол, Ерөнхий найруулагч МУГЖ С.Аринубямба, тайзны зураач МУСТА О.Баярмагнайн бүтээл “Тангарагт хамгаалагч” хүүхдийн жүжгийг “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын уран бүтээлчид толилуулсан юм.
Танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, АИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун болон гадна, дотны зочид төлөөлөгчид үзэж сонирхлоо.
Түүнчлэн Дундговь аймагт хийгдсэн цөлжилтийн судалгааны үр дүн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллага, эрдэмтэн судлаачид, олон улсын болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын зөвлөх С.Үржин, ЗДТГ-ын дарга П.Бүрэнжаргал, Байгаль орчны газрын дарга Н.Гантулга, Сум дундын ойн ангийн ахлах мэргэжилтэн Б.Доржсүрэн, Шинжлэх Ухааны Академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилтнууд, БНХАУ-ын Элион группийн төлөөлөгч Намар, Байгаль орчны мэдээлэл, сургалт, судалгааны төвийн ТББ-ын тэргүүн, доктор Я.Ариунзул нар оролцож, Дундговь аймгийн цөлжилтийн судалгааны үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэлэлцлээ.
Ийнхүү Дундговь аймаг COP17-ын хүрээнд цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, сайн туршлага, судалгааны үр дүн, санал санаачилга, төсөл хөтөлбөрөө танилцуулж, говийн бүсэд хөрөнгө оруулалт татах, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал дэвшүүлэв.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) нь 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.