
Өндөршил сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 19.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Цантын Ивээл" ХХК нийтийн эзэмшлийн талбайд засвар, шинэчлэлийн ажлыг хийж дуусган хүлээлгэн өглөө.
Тус ажлын хүрээнд сургуулийн спорт заалны гаднах сүүдрэвч, Өргөөний болон хуучин наадмын талбайн цэцэрлэгт хүрээлэнгийн сүүдрэвчүүдийг шинэчилж, поликарбонат дээврээр бүрхэж, өнгө үзэмжийг сэргээв. Мөн эвдэрсэн хашаа, хаалга, самбар, сандал, хүүхдийн тоглоомын талбайн тоноглолуудыг засварлаж, шинээр будаж, ашиглалтын аюулгүй байдлыг сайжруулав.
Үүнээс гадна гэрэлт гудамжны унаж эвдэрсэн шонгуудыг сэргээн суурилуулж, гадна гэрэлтүүлгийг шинэчлэн хийж, нарны гэрэлтүүлгийг сольсон байна. Волейболын талбайг зориулалтын резинэн будгаар шинэчлэн будаж, шинэ тор татан, сагсны талбайн торыг засварлажээ. Түүнчлэн хүүхдийн савлуур, биеийн тамирын хэрэгсэл, сүүдрэвч зэрэг нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засварлаж, өнгө үзэмжийг сэргээсэн байна.