
Ховд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, Н.Баасанжавын нэрэмжит Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Т.Баяртогтох, Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал Н.Баясгалмаа нар 2026 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газрын хөтөлбөр зохицуулагч Мустафа Бүтүн, дэд хөтөлбөр зохицуулагч Өзгүр Юсуф Илдирым, төслийн менежер К. Серкбол нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газраас Н.Баасанжавын нэрэмжит Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд нийт 58 мянга гаруй ам.долларын өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Үүнд суурин эхо аппарат 1 ширхэг, 360 градусын фото эмчилгээний аппарат 1 ширхэг, нярайн инкубатор 2 ширхэг, хяналтын монитор 2 ширхэг, нярайн шарлалт хэмжигч багаж 2 ширхэг, ургийн хяналтын монитор 2 ширхэг, мониторын дугуйтай суурь 2 ширхэг багтаж байна.
Энэхүү дэмжлэг нь эх, нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, орчин үеийн оношилгоо, эмчилгээний чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.




