
“Найрсаг Баруун-Урт суралцагч хот” хөтөлбөрийн хүрээнд иргэдийг залилах гэмт хэрэг, санхүүгийн болон цахим залилангаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээллийг богино хугацаанд, хүртээмжтэй, үр дүнтэйгээр хүргэх зорилгоор нэгдсэн өдөрлөгийг 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Сүхбаатар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Монгол банкны төлөөлөл, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Насан туршийн боловсролын төв, Монголбанкны Сүхбаатар аймаг дахь салбар, Хаан банк, Хас банк, Төрийн банк, Голомт банк зэрэг арилжааны банкууд хамтран ажиллаж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц үйлчилгээ, мэдээллийг үзүүллээ.
Орон нутгийн иргэд, төрийн болон хувийн хэвшлийн ажилтан албан хаагчдад санхүүгийн залилангийн эрсдэл, түүнээс хамгаалах аргуудын талаарх мэдлэгийг шат дараатайгаар хүргэх зорилгоор “Санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх” чиглэлээр нийт 30 сургагч багшийг бэлтгэсэн. Мөн арга хэмжээний үеэр иргэдэд сүүлийн үед түгээмэл үйлдэгдэж буй цахим залилангийн хэлбэрүүд, хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангах, цахим орчинд үүсэж болох эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөө, мэдээллийг хүргэж ажиллалаа.
Өдөрлөгт оролцсон арилжааны банкууд иргэдэд зориулсан банкны үндсэн үйлчилгээ болон цахим банкны аюулгүй ажиллагааны зааварчилгааг газар дээр нь танилцуулан, сонирхсон асуултуудад хариулт өгөв. Банкуудын зүгээс нууц үг, пин кодоо бусдад хэлэхгүй байх, сэжигтэй линк дээр дарахгүй байх зэрэг харилцагчийн санхүүгийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн зөвлөмжүүдийг өгч, гарын авлага материалаар хангасан байна.
Өдөрлөгт 120 иргэн хамрагдаж, цахим залилангаас урьдчилан сэргийлэх мэдээлэл бүхий 250 зөвлөмж, гарын авлага тараан ажилласан.