
Сүхбаатар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс орон нутгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Дарьганга, Наран, Онгон сумдын салбар зөвлөлүүдтэй хамтран 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 17-ны өдрүүдэд “Хамтдаа сэргийлье” сэдэвт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн өдөрлөг, арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд дээрх гурван сумын нийт 200 орчим иргэн, хөдөлмөрчдийг хамруулж, цахим залилан, хүүхдийн эрх, хамгаалал, аюулгүй байдал, хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг, архи, тамхи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль, эрх зүйн цогц мэдээ мэдээллийг хүргэж ажиллалаа. Мөн ухуулга сурталчилгааны ажлын хүрээнд иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж бүхий 8 төрлийн 420 ширхэг зурагт хуудас, гарын авлага, санамжийг тараасан бөгөөд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 60 аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн самбарт цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж болон холбогдох мэдээлэл хүлээн авах утасны дугаар бүхий сурталчилгааны материалыг байршууллаа.
Өдөрлөгийн үеэр Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Эрдэнэтуяа "Цахим залилангаас урьдчилан сэргийлэх", Гэр бүлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч, Б.Сугаржав "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, холбогдох хууль эрх зүйн зохицуулалт", Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч, Э.Энххад "Хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх", А.Адъяасүрэн /Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Донтолт судлаач, сэтгэл засалч их эмч/ "Хорт зуршил, донтолтоос урьдчилан сэргийлэх, архи, тамхины зохисгүй хэрэглээний нийгэм, гэр бүлд үзүүлэх сөрөг нөлөө" сэдвүүдээр сургалт мэдээлэл өглөө.