
ДОРНОГОВЬ АЙМАГТ ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙН СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА
(2026.06.26) Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор “Дорноговь аймагт үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан, нөхцөл” сэдэвт криминологийн судалгааг анх удаа хэрэгжүүлж байна.
Судалгааны ажлын хүрээнд Нийгэм, эрх зүйн бодлогын судалгааны “Судлаач хүрээлэн” ТББ-ын захирал П.Намуун Замын-Үүд суманд үйлдэгдэж буй Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт хамаарах авлигын эсрэг гэмт хэрэг болон Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийн судалгааны тайланг танилцуулж, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, төрийн байгууллагын удирдлагуудтай санал солилцон хэлэлцүүлэг зохион байгууллаа.
“Дорноговь аймагт үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан, нөхцөл” сэдэвт криминологийн судалгааг 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгахаар төлөвлөсөн бөгөөд судалгааны үр дүнд үндэслэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээг боловсронгуй болгох чиглэлээр санал, зөвлөмж боловсруулахаар ажиллаж байна.