
Аймгийн эрүүл мэндийн салбарын нэгж байгууллагуудыг харилцан туршлага солилцуулах, эрүүл мэндийн ажилтнуудыг бүх талаар хөгжүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэхэд эрүүл мэндийн ажилтнуудын манлайллыг дээшлүүлэх, “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор сумдын эрүүл мэндийн төвийн II бүсийн зөвлөлдөх уулзалт "Суралцъя, хуваалцъя, манлайлъя" уриа дор Алтай сумд эхэллээ.
Уулзалтад Бугат, Баянтоорой, Цээл, Цогт, Тонхил, Дэлгэр, Эрдэнэ, Алтай сумын эрүүл мэндийн төвийн 110 гаруй эрүүл мэндийн ажилтан оролцож байна.
"Суралцъя, хуваалцъя, манлайлъя" сумдын эрүүл мэндийн төвийн II бүсийн зөвлөлдөх уулзалтын арга хэмжээг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн дарга Э.Маралмаа нээж, сумын ИТХ-ын дарга Б.Ариунсайхан, Засаг дарга Г.Гансүх, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Сугар нар мэндчилгээ дэвшүүллээ.
Зөвлөлдөх уулзалтад Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Сугар “Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал”, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн Хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Батцэцэг “Хүүхдийн эндэгдлийг бууруулахад анхаарах асуудал”, Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Эрүүл мэндийн статистик, мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ш.Майнбаяр “ Зүрх судасны өвчний шалтгаант нас баралтыг бууруулахад анхаарах асуудал” сэдвээр илтгэл танилцууллаа.
Сумын эрүүл мэндийн төвүүд 2025 онд хэрэгжүүлсэн “Сайн туршлага”-ыг танилцууллаа.