
🔍ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад “Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг 2009 онд бүртгэсэн билээ.
Монголчуудын эртний өвөг хөгжмийн зэмсгийн нэг нь цуур юм. Цуур нь 3 нүхтэй, уртааш барьж үлээдэг, модон үлээвэр хөгжмийн зэмсэг. Цуурын хийц нь энгүүн эгэл мэт боловч нүүдэлчин, малчин, анчин монголчуудын олон зууны туршид ухамсар зорилготойгоор үүсгэн бүтээж, хөгжүүлж ирсэн өвөрмөц бүтээл юм.
✅Монгол цуурын гайхамшиг нь хөгжмийн зэмсгээр болон хүний хоолойн зэргэдийн үйл ажиллагаагаар хоёр эгшиг зэрэг үүсгэж байгаад оршино. Цуурдахдаа цуурын нэг үзүүрийг (амгай) шүдэндээ тулган үлээж исгэрэх мэт яруу тунгалаг аялгуу, авиаг эгшиглүүлэхийн сацуу хоолойн шахалтаар хөөмийлэх мэт дэвсгэрлэсэн суурь өнгийг давхар гарган хөгжимддөгөөрөө модон үлээвэр хөгжмийн аль ч зэмсгээс зарчмын ялгаатай.
Цуурыг гишүүний иш, цооргоно, балчиргана зэрэг модлог үет ургамлын гуурс ишээр хийдэг. Энэ бол цуурын энгийн төсөр бөгөөд эртний хийц юм. Эдүгээ цуурыг урлахад харгай /хар мод/ юм уу цагаан бургасыг ширхгийн дагуу цуулж, хоёр хэсэг болгоод, хэсэг тус бүрийн голоор ховил гаргаж, түүнийгээ хавсран нааж гуурс болгоод, завсар зай гаргахгүйн тулд гадуур нь зээр гөрөөсний юм уу хонины улаан хоолойн хальсыг битүү углах зэрэг нарийн чимхлүүр арга технологи хэрэглэх болсон нь цуур урлалын хөгжлийн үр дүн юм.
🎶Цуурдах урлаг гэдэг бол цуурдах эрдэм, арга барил ба үе үеийн цуурчдын уран сэтгэмжээр бүтэж цогцолсон баялаг урын санг багтаасан өргөн ойлголт юм. Цуурын уламжлалт урын санд “Эйвийн голын урсгал“, “Алтайн магтаал”, “Савдгийн дуудлага”, Хар хурын наадгай” “Цацал” тэргүүтэй цуурын олон татлагууд (уламжлалт аяз) багтдаг.
✅Монгол цуур хөгжмийн уламжлалт урлагийг устах аюулаас сэргийлж, хадгалж хамгаалах, хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх, сургах, судлах, сурталчлах үйл ажиллагааны тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчин бүрдүүлэх, цуур хөгжим, цуурдах урлагийн уламжлалыг сэргээж, түгээн дэлгэрүүлэхэд төрөөс бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол цуур” Үндэсний хөтөлбөр (2014-2016)-ийг Монгол Улсын Засгийн газрын Засгийн газрын 2014 оны 72 дугаар тогтоолоор баталж, Цуурын суурь болон харьцуулсан судалгаа, өвлөн уламжлагчдын шавь сургалт, эрдэм шинжилгээний хурал, олон улсын симпозиум, баримтат кино, “Монголын цуурчид” намтар судлалын ном, П.Наранцогтын нэрэмжит цуурчдын наадам зэрэг хадгалалт, хамгаалалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн.
Үүний үр дүнд цуур хөгжмийн өвлөн уламжлагчдыг дэмжих, залуу үед өвлүүлэх тогтолцооны суурь тавигдаж, цуур хөгжмийн уламжлалт мэдлэг, ур чадварын үнэ цэнэ нэмэгдэж, Монгол цуур хөгжмийн оршин тогтнох чадвар улам бүр сайжирсаар байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.