
Нил ягаан өдөр нь жил бүрийн 3 дугаар сарын 26-нд дэлхий даяар тэмдэглэгддэг бөгөөд эпилепсийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой өдөр юм. Энэ өдөр олон нийт, байгууллага, хамт олон, бүх түвшний удирдлагууд нил ягаан өнгийн хувцас өмсөх, эд зүйлс хэрэглэх замаар нэгдэж, уналт таталтын талаарх зөв ойлголт, мэдлэгийг түгээх олон талт арга хэмжээг зохион байгуулдаг.
💜 Энэхүү өдрийг 2008 онд Канад улсын эпилепситэй охин Кэссиди Меган санаачилсан бөгөөд лаванда цэцэг нь эпилепситэй хүмүүсийн ганцаардал, тулгардаг бэрхшээлийг бэлгэддэгтэй холбон нил ягаан өнгийг энэ өдрийн бэлэг тэмдэг болгон сонгосон түүхтэй. Одоогоор дэлхийн 80 гаруй оронд энэхүү өдрийг тэмдэглэж байна.
💜 Дэлхий дахинд 50 сая гаруй хүн эпилепсийн оноштой амьдарч байгаа бөгөөд жил бүр ойролцоогоор 5 сая хүн шинээр оношлогддог. Монгол Улсын хувьд албан ёсны нарийвчилсан тоо хязгаарлагдмал боловч олон улсын дундаж тархалтаар тооцвол эпилепситэй 20,000 гаруй хүн байна.
💜 Эпилепси нь тархины гадрын эсийн цахилгаан цэнэгийн гэнэтийн хүчтэй тэсрэлтийн улмаас үүсдэг тархины эмгэг бөгөөд ухаан алдалт, уналт таталт, булчингийн чичирхийлэл, харц гөлийх болон бусад шинжээр илэрдэг