
✅Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журмыг соёлын, биеийн тамир, спортын болон хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран баталж, мөрдүүлнэ гэж заасан.
✅Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/59, А/74, А/15 дугаар бүхий хамтарсан тушаалаар “Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журам”-ыг баталсан.
✅“Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журам”-ыг Хууль зүй, дотоод хэргийн яам улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлснээр эрх зүйн үйлчлэл хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэллээ.
Тус журмаар соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулахдаа:
-Хүүхдийн эрхийг хамгаалах;
-Уралдаан, тэмцээнд оролцоход тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах;
-Эрсдэлгүй орон байраар хангах;
-Хичээл сургалтыг завсардуулахгүй байх;
-Шөнийн цагаар бэлтгэл, сургуулилалт хийлгэхгүй байх;
-Бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх;
-Хүүхдийн эсрэг аливаа дарамт, ялгаварлан гадуурхалт, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх;
-Осол, гэмтэл, эрүүл мэндийн эрсдэл үүссэн тохиолдолд авах арга хэмжээ, хариуцах этгээдийг тодорхой болгох;
-Хүүхдийн хувийн мэдээлэл, зураг, дүрс бичлэгийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр нийтлэхгүй байх;
-Хүүхдийн санал бодлыг сонсох, сайн дурын оролцоог хангах;
-Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт хүүхдийн тэгш оролцоог хангах;
-Багш, дасгалжуулагч, удирдагч нарыг хүүхэд хамгааллын ёс зүй, мэдлэгээр тогтмол чадавхжуулах;
-Хүүхдийг аливаа сурталчилгаа, ашиг хонжоо олох үйл ажиллагаанд албадан оролцуулахгүй байх зэрэг үүрэг хариуцлагыг нарийвчлан тусгасан.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.