
“Янзаган хүрээг хайрлаарай” 2024 оны экоклубын сурагчдын нэгдсэн уулзалтаар хүүхэд, залуучууд цагаан зээрийн хамгаалалд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, олон шинэ санаачилга дэвшүүлсний нэг нь цагаан зээрийг хамгаалах тусгай өдөртэй болох санал байсан юм.Энэхүү сурагчдын санаачилгыг шийдвэр гаргагчид дэмжин Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор аймгийн хэмжээнд жил бүрийн 5 дугаар сарын 22-ны өдрийг “Цагаан зээр хамгаалах өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргаж мөн төлөвлөгөөгөө боловсруулан аймгийн Засаг даргаар батлууулсан.
✅️Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Байгаль орчны газраас “Янзаган хүрээг хайрлаарай” байгаль хамгааллын ханын зургийн нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран амжилттай зохион байгууллаа.
✅️Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар оролцож, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэж, иргэд, хүүхэд залуучууд, байгууллага хамт олныг байгаль хамгааллын үйлсэд нэгдэн ажиллахыг уриаллаа.
✅️Энэхүү ханын зураг нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын бүтээлийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй, мөн WWF олон улсын байгууллагын дэмжлэгээр бүтээгдэж олон нийтэд хүргэж буйгаараа онцлог бөгөөд урлаг, байгаль хамгаалал, экологийн боловсрол, хүүхэд залуучуудын оролцоог нэгтгэсэн үнэ цэнтэй санаачилга боллоо.
✅️Бид уран зургаар дамжуулан тал хээрийн экосистем, цагаан зээрийн амьдрах орчин, хүний үйл ажиллагааны нөлөөлөл, хамгааллын эерэг сонголтыг нэгэн цогц дүрслэлээр илэрхийлсэн байгаль хамгааллын мэдээлэл, томоохон нөлөөллийн бүтээл бөгөөд иргэд, хүүхэд залуучууд өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэн, байгаль хамгаалах, тэр дундаа цагаан зээрээ хайрлан хамгаалах үйлсэд нэгдэхээ илэрхийлсэн нь энэ өдрийн хамгийн үнэ цэнтэй мөч байлаа.
✅️Энэхүү бүтээл нь урлаг, байгаль хамгаалал, экологийн боловсрол, иргэдийн оролцоог нэгтгэсэн бөгөөд Биологийн олон янз байдлын олон улсын өдөр, “Орон нутагт хэрэгжүүлж, дэлхийд нөлөөлье” уриатай утга агуулгын хувьд бүрэн нийцэж байна.
✅️Арга хэмжээний үеэр хүүхэд, залуучууд зураачийн удирдлага дор ханын зургийн хэсгийг хамтран будаж, байгаль хамгаалах үйлсэд өөрсдийн оролцоо, сэтгэлээ өнгө будгаар илэрхийллээ. Мөн хүүхдүүдийн дунд АХА тэмцээн зохион байгуулж, цагаан зээр болон биологийн олон янз байдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.
✅️Энэхүү ажлыг дэмжин хамтран ажилласан Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, аймгийн ИТХ-ын дарга Ц.Хосбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Жаахан шарга театрын хамт олон, бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд амилуулсан Жаахан шарга театрын ерөнхий зураач, МУСТА С.Гантулга, мөн Эко клубын гишүүд, “Нарны хүүхдүүд” дуу, бүжгийн клубын сурагчид, дэмжин оролцсон байгууллага, иргэд, хүүхэд залуучууд Та бүхэндээ талархал илэрхийлье.
🌿 Хүүхдийн санаачилга — орон нутгийн шийдвэр — байгаль хамгааллын бодит ажил болон үргэлжилж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.