
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын Үндэсний аварга шалгаруулах “DRONECON 2026” тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа боллоо.
Тус тэмцээнд нийт 21 аймгийн 700 гаруй тамирчин 5 ангилалд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Үүнээс Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дэргэдэх өсвөрийн “ХУРДАН” клубийн 16 аймгийн 140 гаруй тамирчин оролцож байгаа нь хөдөө орон нутагт дрон жолоодлогын спорт, технологийн боловсролын хүртээмж нэмэгдэж байгааг илтгэж байна. Энэ удаагийн “DRONECON 2026” тэмцээнд өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүдийг оролцоход бодит дэмжлэг үзүүлж, хүүхэд, залуучуудын техник, технологийн боловсрол, ур чадварыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажилласан YES Mongolia төрийн бус байгууллагын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тус байгууллагын үзүүлсэн дэмжлэг нь хүүхэд, залуучуудыг инновац, инженерчлэл, дэвшилтэт технологийн салбарт сонирхон хөгжих боломжийг бүрдүүлж, ирээдүйн чадварлаг инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал хувь нэмэр болж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.