
📌Туурга тусгаар Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолын баталгаа болсон Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт ахмад дайчид, алба хаагчид, эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, энхийг сахиулагчид, гадаад, дотоодын цэргийн их, дээд сургуульд суралцаж байгаа сонсогчид, цэргийн дипломат ажилтнууд, ажилтан албан хаагчид, бэлтгэл үүрэгтнүүд, цэргийн албыг биеэр хаасан бүх эрчүүд, цэрэгт хүүгээ мордуулсан бахархалт ээжүүд, Монголын нийт ард түмэндээ “Цэргийн баяр” хэмээн хүндлэгдсэн “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол гэх нэрийг хүлэг морьдын төвөргөөнөөр ертөнцийн дайдад дуурьсгасан хүчирхэг өвөг дээдэс маань эртнээс нааш “Хүү төрвөл баатар эр болно, Хүлэг төрвөл ажнай болно” хэмээн бэлгэшээдэг ахуй амьдралаас нь улбаатай уламжлалт соёл, түүхэн урт хугацааны сорилт бүрийг даван туулсаар өнөө үетэй биднийг холбожээ.
📌Дээдэс өвгөд маань сая сая хүн ам, мянга мянган ахуй хэв маяг, зуу зуун үндэстэн ястан, хэл соёл, хэдэн арван шашин шүтлэгийг нэгэн улсад хаяа дэрлэн эв найртай зэрэгцүүлж, тив дэлхий, тэнгис далайг дамнасан урьд хожид байгаагүй аугаа суут, хүчирхэг эзэнт гүрнийг үргэлж давуу хүчтэй тулгарч, тэмцэн ялж байгуулсан баатарлаг дайчин уламжлалтай.
📌Эр хүн болгон цэрэг, айл өрх бүхэн цэргийн дэмжлэг, хангалтын нэгж, өрхийн гишүүн бүр нас, хүйсдээ тохирсон үүрэг, хариуцлагыг хүлээдэг байсан нь дэлхийн цэргийн урлагт монголчуудын үлдээсэн тод ул мөрийн гол нууц нь байсан.
Монголын ард түмний төрөө дээдлэх, цэргээ хүндэтгэх үзэл санаа өнө мөнхөд амь бөхтэй оршсоор ирсний тод томруун жишээ нь эх орон, эрх чөлөөнийхөө төлөө цогтой тэмцсэн тэмцэл, түүний шууд үргэлжлэл болох ардын сайн дурынхны байгуулсан журамт цэргийнхний 1921 оны хувьсгал, ялалт байсан төдийгүй орчин цагийн Зэвсэгт хүчний үүсэл болсон түүхтэй.
📌Ардын журамт цэрэг харийн түрэмгийлэгчдийг эх орноосоо үлдэн хөөж, төр улсаа сэргээн мандуулан өрнө дахины соёл, боловсрол, анагаах ухаан, урлаг спорт, зам тээвэр, шуудан харилцаа гээд шинэ цагийн дэвшил бүхнийг эх орондоо нутагшуулан хүн ардаа соён гийгүүлэхийн зэрэгцээ, Монгол Ардын хувьсгалт цэрэг нэртэйгээр байнгын Зэвсэгт хүчин болон өргөжиж, хүн төрөлхтний түүхэнд хар толбо үлдээсэн Дэлхийн II дайны эхлэл болох Халхын голын байлдаан, түүний төгсгөл болох Чөлөөлөх дайнд баатарлагаар тулалдаж, баруун хил хязгаараа тохинуулан хамгаалж, ард түмэнтэйгээ хамт ялалтын уухайгаа цуурайтуулж, эрх чөлөө тусгаар тогтнолоо дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
📌Дайны дараа Монгол Ардын хувьсгалт цэрэг хураангуй бүтцэд шилжин Монгол Ардын цэрэг болон төлөвшиж, энхийн цагт улс ардын аж ахуйг бэхжүүлэх, бүтээн байгуулалтыг өрнүүлэх, тайван хөгжлийн замаар улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэх их үйл хэргийг түүчээлж, сум нэгдэл, үйлдвэр, хот сууриныг цогцлоож Монгол орноо орчин үеийн аж үйлдвэржсэн орон болгон хөгжүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулж, ард түмэн, төр засгийнхаа халуун баяр талархлыг хүлээж ирсэн бахархам үйлстэй.
Хүйтэн дайны он жилүүдэд Монгол цэрэг нь улс орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлж, орчин үеийн дуунаас хурдан онгоц, нисдэг тэрэг, агаарын довтолгооноос хамгаалах систем, зенит пуужингийн цогцолбор, тийрэлтэт артиллерийн систем зэргээр өвч бүрэн зэвсэглэж, сургагдаж бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүнээр бүрэн хангагдаж, байлдааны өндөр бэлтгэлтэй, Ази тивдээ тэргүүлэх орчин үеийн ерөнхий цэргийн арми болтлоо өргөжин хөгжсөн нь Монгол Ардын Армийн хөгжлийн оргил үе байсан.
📌Монгол Улс шинэ ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалаар улс орныхоо аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бие даан хамгаалах түүхэн сорилттой тулгарахын зэрэгцээ, Монголын Ардын Армийг тайван цагийн бүтэц орон тоонд шилжүүлэн цомхон, чадварлаг, мэргэжлийн чиг баримжаатай Зэвсэгт хүчин болон төлөвшүүлэх цэргийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, ардчилсан нийгмийн тогтолцоонд дэлхийн шударга улс түмэнтэй энх тайвнаар зэрэгцэн орших, олон улсад энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулдаг, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өнөөгийн Монгол Улсын Зэвсэгт хүчин бүрэлдэн төлөвшсөн бөгөөд хуулиар хүлээсэн үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна, цаашид ч биелүүлсээр байх болно.
📌Бид улс орныхоо эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх стратегийн томоохон бүтээн байгуулалтад идэвхийлэн оролцох, хүрээлэн буй орчны доройтлыг бууруулах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтэд голлох үүргийг биелүүлж, үер ус, цас зуд, цар тахал зэрэг гамшгийн үед хүн ардын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж, иргэд олон нийтийн талархлыг хүлээсээр буй.
Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх зорилтыг Зэвсэгт хүчин амжилттай хэрэгжүүлж, энэ хүрээнд төрлийн цэргийн командлалуудыг бэхжүүлж, бие даасан ажиллагааг хангах, зэвсэглэл техникийн шинэчлэл, бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэлийн чанарыг дээшлүүлэх, инновац, техник, технологийг дэмжин хөгжүүлж, цэргийн хэрэгт нэвтрүүлэх, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын хөгжил, манлайллын орчныг бүрдүүлж, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангах, нийгмийн хамгааллын баталгааг хангахад чиглэсэн цогц бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд энэ нь бидний үйл ажиллагааны ойрын ирээдүйн үндсэн чиглэл байх юм.
📌Монгол Улсын Зэвсэгт хүчний өнгөрсөн 105 жилийн түүхэн хөгжлийг тоймлон товч дүгнэвэл бид хэзээ ямагт ард түмэнтэйгээ цуг байж, эх орноо батлан хамгаалах ариун үйл хэргийг мадаггүй биелүүлж, өмнөө тохиолдсон сорилт бүрийг амжилттай даван туулж ирснийг тэмдэглэлт энэ өдөр бахархан дурдахад таатай байна.
Монголын ард түмэн Монгол цэргийн түүх, алдар гавьяаны алтан залгамж болсон Зэвсэгт хүчний алба хаагчдынхаа үйл хэргээр бахархаж хүндэтгэн дээдэлдэг нь эртний цадиг түүхийн уламжлал өнөө хэр хадгалагдсаар байгаагийн тод илрэл юм.
📌Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангарагласан үе үеийн ахмад дайчид, тэдний жимээр Зэвсэгт хүчний хөгжлийг түүчээлж буй мөрдэс нэгт дайчид Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойн цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье.
МОНГОЛ ЦЭРГИЙН СҮР ХҮЧ, ЗОЛБОО ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАГ
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ СҮНРЭВИЙН ГАНБЯМБА
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.