
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цагдаагийн зөвлөх, цагдаагийн комиссар Файзал Шахкарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын өргөн бүрэлдэхүүнтэй “цагдаагийн баг”-ийг оролцуулах, эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.
Монгол Улс 2002 оноос хойш хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах ажиллагаанд 20 мянга гаруй энхийг сахиулагчаа дэлхийн халуун цэгүүдэд илгээсэн бөгөөд цаашид энхийг дэмжих ажиллагаанд “цагдаагийн баг” буюу өргөн бүрэлдэхүүнээр оролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2024 онд Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийг шинэчлэн батлуулж, цагдаагийн багийг мэргэжлийн өндөр ур чадвар бүхий албан хаагчдаар бүрдүүлж, орчин үеийн дэвшилтэт технологийн иж бүрэн техник хэрэгслээр ханган илгээхэд бэлэн болсныг онцлов.
НҮБ-ын Цагдаагийн зөвлөх, цагдаагийн комиссар Файзал Шахкар Монгол Улсаас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд, энэ оны 10 дугаар сард НҮБ-ын үнэлгээний багийг Монгол Улсад илгээхээр төлөвлөж байгааг мэдэгдэв. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдыг энхийг бэхжүүлэх ажиллагаанд оролцуулах боломжийг нэмэгдүүлэх, энхийг сахиулагчдын дунд эзлэх эмэгтэйчүүдийн оролцоог 25 хувьд хүргэх боломжтойг онцлов.
Түүнчлэн НҮБ-аас хоёр жил тутамд зохион байгуулдаг Цагдаагийн дарга нарын 5 дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалт 2026 оны 6 дугаар сард болох бөгөөд тус арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарыг оролцохыг урьж, НҮБ-ын цагдаагийн албанд зочлон ирэхийг хүсэв.
Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, НҮБ-ын дэргэдэх МУ-ын Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх, бригадын генерал Г.Болор болон НҮБ-ын Цагдаагийн албаны төлөвлөлтийн ахлах офицер, дэд хурандаа Сармила Гүрүнг нар байлцав.


