Sun Logo
Дижитал шилжилтийг эрчимжүүлэхэд Япон улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Дижитал шилжилтийг эрчимжүүлэхэд Япон улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг өнөөдөр /2025.04.22/ хүлээн авч уулзлаа. 

 

Япон Улсын Эзэн хаан хатны хамтаар ирэх 7 дугаар сард Монгол Улсад айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэхүү айлчлал нь Япон Улсын хааны хаан ширээ залгамжилснаас хойш айлчилсан гурав дахь улс болж байгааг талууд онцлон тэмдэглэв.

 

 

Япон Улс нь манай улстай “Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаатай анхны улс бөгөөд олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн. Тэр дундаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг бэхжүүлэхэд Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран ажиллаж байна. Цаашид дэвшилтэт технологийг дагасан өгөгдлийн шинжээч, AI, өндөр технологийн чиглэлийн боловсон хүчнийг богино хугацаанд бэлдэх, салбарын хүний нөөцийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах зэрэг Монгол Улсад нэн шаардлагатай төслүүд дээр Япон Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү онцлов.

 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

 

Үүний зэрэгцээ, Монгол Улс Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэн Хүннү хотыг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү хотыг дижитал, ухаалаг хот болгон хөгжүүлэхэд Япон Улс хувь нэмрээ оруулах, тус хотод байгуулагдах хиймэл оюуны үндэсний судалгааны төв, мэдээллийн технологийн стартап компаниудыг бойжуулах зэрэг төслүүдэд Японы хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид орж ажиллахыг урилаа. 

 

Мөн Монгол орны өргөн уудам газар нутаг, агаарын чөлөөт орон зайн бүрэн боломжийг ашиглан “Дроны туршилтын бүс” байгуулах чиглэлээр холбогдох шийдвэр гарсан. Энэхүү туршилтын бүсэд эрдэмтэн судлаачид ажиллах, хувийн хэвшлийнхэн дроны туршилтаа хийх боломжтой гэж үзэж байна. Мөн манай орны хүйтэн сэрүүн уур амьсгалын давуу талд түшиглэн дата төвүүдийг барьж байгуулах бүрэн боломжтой талаар санал солилцлоо.

 

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Игавахара Масарү

 

Дээрх саналыг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Игавахара Масарү талархан хүлээн авч, дээрх төслүүдийг Японы хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудад танилцуулах чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллах болно гэдгээ илэрхийллээ. 

 

Үүний зэрэгцээ, KDDI компани Монгол Улсад “Дата төв”-өө байгуулж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл олон улс, орнууд Монгол Улсыг сонирхох болно гэдгийг онцлов. 

 

Мөн ирэх тавдугаар сард болох Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагаас Япон Улсад зохион байгуулах Сайд нарын уулзалтад ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүг биечлэн оролцож, Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын ололт амжилт, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, санаачилгуудын талаар бүс нутгийн орнуудад танилцуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой талаар онцлов.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
25
Сүүлийн 7 хоног:
140
Сүүлийн сар:
842
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР