
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-йг боловсруулж дууссан. Тус стратегийн төслийг Засгийн газар, УИХ-д өргөн барихын өмнө салбар бүрийн төлөөлөлд танилцуулж, хэлэлцүүлэх ажлыг өрнүүлж байгаа билээ.
Энэ удаад Ц.Баатархүү сайд “Их өгөгдөл, хиймэл оюуны стратеги”-йг арилжааны банк, финтекийн холбооны гишүүд болон үүрэн холбооны оператор компанийн төлөөлөлд танилцуулж, хэлэлцүүлэв.
Үндэсний стратегийн алсын харааг дараах байдлаар томьёолсон байна. Тодруулбал,
Үндэсний давуу тал, ялгарлыг түшиглэн их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлсэн үндэстэн болж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар Ази тивдээ тэргүүлэгч 10 улсын нэг болно.
Энэ хүрээнд дараах 5 зорилтыг дэвшүүлээд байна. Үүнд:
AI үндэсний экосистемийг хөгжүүлж, “Дижитал эдийн засаг”-ийн шилжилтийг хурдасгах
Үндэсний их өгөгдлийг эргэлтэд оруулж, “Мэдлэгийн гэр”-ийг бүтээх
AI ашиглах замаар нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, “Дэлхийн хэмнэл”-тэй зэрэгцэх;
AI-д дэд бүтцийн зах зээлд өрсөлдөж, “Дижитал өгөгдлийн зангилаа төв” болох;
Ёс зүйтэй хариуцлагатай хиймэл оюуныг төлөвшүүлж, “Дижитал тэнцвэр”-ийг хангах;
Хиймэл оюуны үндэсний стратегийг дараах байдлаар төлөвлөж байна. Үүнд:
I үе шат: 2025-2027 он дэд бүтцийг бэлдэх
Эрх зүйн орчныг боловсронгуй болгох
Үндэсний зөвлөл байгуулах
GPU cluster бүхий төв байгуулах
Үндэсний их өгөгдлийн санг бий болгох
300 магистр, PhD тэтгэлэгт хөтөлбөр эхлүүлэх
II үе шат: 2027 – 2030 он мэргэших
AI-ыг нийгэм, эдийн засагт өргөн хүрээнд нэвтрүүлнэ
AI-ы бүтээгдэхүүний экспорт хийнэ
AI-ы олон улсын дата төв байгуулна.
III үе шат: 2030 оноос хойш Бүс нутагтаа манлайлах
Монголын түүх, зан заншил, соёл урлаг, хууль, сурах бичгүүд зэрэг үндэсний ондоошлыг агуулсан үнэн зөв, чанартай өгөгдлийг AI-д зориулан бэлтгэж эргэлтэд оруулна.
Хиймэл оюуны чиглэлээр Монгол Улс ойрын гурван жилд хийх ажил:
Виртуал бүсэд AI хөгжүүлбэл татварын хөнгөлөлт олгоно.
AI судалгаа, хөгжүүлэлт хариуцсан тусгай төв байгуулна.
100 чухал сэдвээр 100 профессор, 300 докторын оюутны цалинтай хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Эрт илрүүлгийн өгөгдлийг нэгтгэн AI сургана.
AI сургалтыг ЕБС-ийн хөтөлбөрт оруулна.
Сурагч, оюутны зарим шалгалтыг AI -р дүгнэнэ.
Монгол орны цаг агаарыг AI-д суурилан таамаглана.
Монгол хэл, түүх, соёл, зан заншлын мэдээллийг их хэлний загваруудад үнэн зөвөөр оруулна.
Багануур дүүрэг, Дархан-Уул аймаг, Төв аймаг, Өмнөговьт “Дата төв” байгуулах зэргээр үндэсний стратегийг боловсруулжээ.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү энэхүү стратеги нь хэрэгжэхүйц байлгахын тулд Засгийн газар болон УИХ-д өргөн барьж, батлуулна гэдгийг дуулгасан юм.


Арилжааны банк, финтекийн холбооны гишүүд, үүрэн холбооны оператор компаниудын зүгээс дээрх стратегийн төслийг боловсруулахад анхнаас нь оролцож ирсэн бөгөөд төр өөр хоорондоо, хувийн хэвшил өөр хоорондоо, төр хувийн хэвшил хооронд өгөгдөл солилцох, өгөгдөл хамгаалах тухай хуулийн төслийг яаралтай боловсруулж, батлуулах, 100 чухал сэдвийн боловсруулалтад хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулах, бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсад экспортлох бол дотоодын патентын асуудлыг авч үзэх хүсэлтийг тус, тус тавилаа.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-г амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбарын 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Үүнд, салбарын анхдагч хуулийн төслүүд мөн адил багтаж байгаа. Өгөгдөл хамгаалах тухай хуулийн төслийг ирэх намрын чуулганаар өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа гэдэг мэдээлэл өгсөн юм.
