Sun Logo
АНУ-ЫН “UNITED AIRLINES” МОНГОЛ УЛС РУУ НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ
АНУ-ЫН “UNITED AIRLINES” МОНГОЛ УЛС РУУ НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсад 2023 оны 8 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын Замын зураглал”, “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” зэрэг хоёр улсын харилцаанд чухал ач холбогдолтой баримт бичгийг байгуулсан. 

 

 

Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн хүрээнд АНУ-ын “United Airlines” компани Хьюстон-Токио чиглэлийн нислэгээ өргөжүүлж, Токио-Улаанбаатар чиглэлд 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс нислэг үйлдэж эхэлснээр Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын удаах нэг бодит үр дүн гарч байна. 

 

 

Монгол Улс, АНУ-ын харилцаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн түвшинд хүрч, хамтын ажиллагаа бүхий л салбарт баяжин тэлж байгаа энэ үед эхэлж буй Хьюстон-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг нь зөвхөн Монгол Улс, АНУ-ын хооронд төдийгүй Монгол Улс, Япон Улсын хооронд ч худалдаа, эдийн засаг, тээвэр, аялал жуулчлал зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. 

 

 

Манай улс дотоодын агаарын тээвэрлэгч компанийн хөлгөөр АНУ руу шууд нислэг эхлүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд хоёр улсын холбогдох байгууллагууд шаардлагатай бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хангаж байна.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
2175
Сүүлийн 7 хоног:
7509
Сүүлийн сар:
9087
Нийт:
20782
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР