
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар шатахууны нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлтийн байдалд үнэлгээ хийх, холбогдох эрсдэлийг урьдчилан тооцох, сэргийлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаагаа мэдээллээ.
Тэрээр шатахууны тогтвортой нийлүүлэлтэд Монгол Улсын Засгийн газар онцгойлон анхаарч ажиллаж буйг тэмдэглээд, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, борлуулагч байгууллагуудын нөөцийн хэмжээнд газар дээрх шалгалт хийх шаардлагатайг онцолсон юм.
Энэ хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар шатахууны нөөц, нийлүүлэлтийн судалгаа хийх, хяналт шалгалт зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа.
Ажлын хэсгийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай ахалж, дараах мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллах юм.
Үүнд: • Гаалийн улсын байцаагч Х.Айнагүл – Гаалийн газрын эрсдэлийн удирдлагыг хариуцан ажилладаг.
• М.Маргулан – Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн.
• Хошууч Х.Ахытгажы – Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдлыг хариуцсан ахлах мэргэжилтэн, улсын хяналтын байцаагч бөгөөд ажлын хэсгийн нарийн бичгийн даргын үүргийг давхар гүйцэтгэнэ.
Ажлын хэсэг нь холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд судалгаа хийж, үр дүнг аймгийн удирдлагад тайлагнах үүрэгтэй. Харин захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг Засаг даргын орлогч К.Бахытжанд даалгасан байна.
Энэхүү захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60.1.1, 66.1 дэх заалт, мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1 дэх заалт болон аймгийн Онцгой комиссын 2025 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 05 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн гаргасан байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, ажлын хэсгийн үйл ажиллагаа нь ирэх өвөл шатахууны хомсдол үүсэхээс сэргийлэх, тогтвортой нийлүүлэлтийг хангахад чиглэсэн урьдчилан төлөвлөсөн чухал арга хэмжээ болохыг онцолжээ.