
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 104 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хуралдааны шийдвэрээр эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарт бодитой хувь нэмэр оруулсныг нь үнэлж хошууч генерал Я.Пүрэвдоржид Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт доктор” цол хүртээлээ.

Эрхэм хошууч генерал Я.Пүрэвдоржид “Хүндэт доктор” цолны диплом, ёслолын өмсгөл, хүндэтгэлийн зүүлт, энгэрийн тэмдгийг Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, бригадын генерал Т.Сүхболд гардуулан өгсөн юм. Хошууч генерал Я.Пүрэвдорж нь Монгол Улсын хил, хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд 50 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж, Хилийн цэргийн дээд сургуулийг үүсгэн байгуулах, сургалтын орчныг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

Тэрбээр 1997-2012 онд Хилийн цэргийн дээд сургуулийн захирал, дэд захирлаар ажиллах хугацаандаа сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.





