
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Азийн Соёлын Төв (ACC)-ийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуй, БНСУ-ын зураач Ли Ерин нарын хамтран бүтээсэн “Хадны зургийн ертөнцөөр аялсан нь” зурагт ном солонгос хэлээр хэвлэгдэж, нийтийн хүртээл боллоо.

Азийн Соёлын Төв (ACC)-ийн номын санд 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдөр албан ёсны нээлтээ хийсэн бол өнөөдөр номыг бичсэн хүүхдийн зохиолч О.Сундуй, номын зураач БНСУ-ын зураач Ли Ерин нар хүүхэд, залуучуудад ном хэрхэн бүтсэн талаарх сонирхолтой ярилцлагыг Монгол Улсын Үндэсний номын сангийн “Гэр бүлийн танхим”-д өрнүүллээ. Уулзалтад Нийслэлийн Ерөнхий боловсролын 14 болон 47 дугаар сургуулийн сурагчид оролцсон ба номын дээжээс Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн номын сангуудад хандивлалаа.







