Sun Logo
Осака-Кансай Экспо 2025” албан ёсоор нээлтээ хийв
Осака-Кансай Экспо 2025” албан ёсоор нээлтээ хийв

Япон Улсын Осака хотноо 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэн албан ёсоор нээгдэв. “Бидний амьдралын ирээдүйн нийгмийг бүтээх нь” сэдвээр зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн энэ оны 10 дугаар сарын 13-ны өдрийг дуустал нийт зургаан сарын хугацаанд үргэлжлэх юм. 

 

 

Дэлхийн үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито Хатан хааны хамт, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Ишиба нар хүрэлцэн ирж, зочдод мэндчилгээ дэвшүүлэв.

 

Япон Улсын Осака хотноо хоёр дахь удаагаа зохион байгуулж буй дэлхийн үзэсгэлэнд тус Экспогийн бэлэг тэмдэг болсон "Их цагариган дээвэр" нь дэлхийн хамгийн том модон байгууламж болов. Энэхүү байгууламж нь орчин үеийн барилгын өндөр технологийг Японы уламжлалт "Нүки" хэмээх холболттой хослуулж хийсэн газар хөдлөлт, байгалийн гамшигт тэсвэртэй бат бөх барилга юм хэмээн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Ишиба хэлсэн үгэндээ онцлов. 

 

 

Осака мужийн Засаг захиргаанд багтах далай дээр Юмэшима хэмээх хиймэл арал босгон, түүн дээр "Их цагариг" хотхон бүхий энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 158 улс, 9 олон улсын байгууллага оролцож өөрийн улс орноо дэлхийд танилцуулан сурталчлахаар бэлтгэсэн байна. 

 

Манай улсын хувьд Монгол Улсын Гадаад харилцааны яам Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон “Чингис хаан” Үндэсний музейтэй хамтран зохион байгуулж оролцож байна. Манай улс “Монголын амар амгалан — Пакс Moнголикa” сэдвийн хүрээнд Монголын Эзэнт гүрний түүхэн өв соёлыг танилцуулах “Чингис Хаан” Үндэсний музейн 28 үнэт үзмэрийг олон нийтэд дэлгэн толилуулж байгаагаас гадна өнөөгийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын боломж, онцлогийг танилцуулж, тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж буй бодит үйл ажиллагааг дэлхийн зочдод хүргэнэ. Мөн дэд сэдвийн хүрээнд “Go Mongolia” үндэсний брэндийг онцлон сурталчилж, VR болон AR технологийг ашиглан зочдод эртний Хар Хорум хотод аялах, Монгол наадамд оролцох, уламжлалт монгол ахуй, байгалийн үзэсгэлэнт газруудыг виртуал орчноор дамжуулан сонирхон үзэх боломжийг бүрдүүлсэн болно.

 

 

Дашрамд дурдахад, олон улсын хэмжээний дэлхийн хамгийн том үзэсгэлэн зохион байгуулах уламжлал ХIX зууны дунд үед тогтсон аж. Үзэсгэлэнд шинжлэх ухаан, өндөр техник технологи, архитектур, урлагийн салбарын ололт амжилтуудыг улс орнууд сурталчлан танилцуулдаг юм. Дэлхийн анхны Экспо Лондон хотноо 1851 онд болж байсан.

 

Осака хотод анх 1970 онд Экспо үзэсгэлэнг зохион байгуулж байжээ. Энэ арга хэмжээд зориулж асар том парк байгуулсан бөгөөд гол үзмэр нь 70 метр өндөр “Нарны цамхаг” байв. Тухайн үед үзэсгэлэнг 64 сая хүн ирж үзсэн байна. Энэ удаагийн “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс 28 сая гаруй жуулчид хүрэлцэн ирж үзэж сонирхох төлөвтэй байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
120
Сүүлийн сар:
567
Нийт:
2373
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР