Гадаад хамтын ажиллагаа
Гадаад хамтын ажиллагаа
Олон талт хамтын ажиллагааны хүрээнд:
Олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк групп, Азийн хөгжлийн банк, Европын Холбоо, ЖАЙКА, КОЙКА, Азийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллагууд, ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ, Канад, Франц, ХБНГУ, Итали, Болгар, Унгар, Беларусь, Казахстан, БНСВУ, БНАЛАУ, Турк, Австрали зэрэг улсуудын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, тус салбарын бодлогыг танилцуулан цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж байна.
Салбарын дунд, урт хугацааны хөгжлийн стратеги хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбарт техник, технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай санхүүжилтийг гадаадын зээл, тусламжийн хүрээнд 2021 оны байдлаар ХХААХҮ-ийн салбарт нийт 72 төсөл хэрэгжиж байна.
Олон улсын хурал, арга хэмжээ:
ХХААХҮЯ болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага:
ХХААХҮЯ болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 3 дугаар сарын 1-ны өдөр зохион байгуулж хэрэгжилтийн шатанд яваа болон ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа төслүүд, бодлогын чиглэлийн талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцов. Уулзалтад Энэтхэг-Монголын хамтарсан сүүний салбарын хөгжлийн төслийг хэрэгжүүлэх, шим тэжээлтэй хоол хүнсэнд анхаарах, хөдөө аж ахуйн мэдээллийг цахимжуулах талаар санал солилцож хамтран ажиллахаар санал нэгдсэн юм. Мөн ХХААХҮЯ болон НҮБ-ын ХХААБ ойрын болон дунд хугацаандаа эрчимтэй хамтран ажиллах тэргүүлэх чиглэлүүдээр i) Цахим хөдөө аж ахуй ii) Уур амьсгалын санхүүжилт болон Байгалийн нөөцийн менежментийг хүнс, хөдөө аж ахуйн салбартай уялдуулах iii) Тогтвортой хүнсний системийг тодорхойлов. Цаашид бүх талуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, тэр дундаа хүнс хөдөө аж ахуйн салбартай салшгүй холбоотой байгаль орчны асуудал, тухайлбал уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, ус, бэлчээр зэрэг байгаль орчинтой холбоотой төслүүдийн хэрэгжилтэд салбарын оролцоог хангаж, хамтран ажиллах шаардлага байгааг онцолсон юм.
Европын Холбоо, ХХААХҮЯ болон НҮБ-ын ХХААБ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллана:
Европын Холбооны санхүүжилтээр, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр тэргүүлэн, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн бүрэлдэхүүн хэсэг агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой төсөлд гарын үсэг зурав. Тус төсөл нь үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, улмаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
“Цахим хөдөө аж ахуйн үндэсний стратеги”-ийг 2020 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайд баталж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэснээс хойш тус салбарт цахим технологийг нэвтрүүлэх ажил эрчимжиж байна. ХХААХҮЯ болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтран хэрэгжүүлсэн техник туслалцааны төслийн хүрээнд мах, ногооны өртгийн сүлжээнд бүртгэл, мэдээллийн тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор хөгжүүлээд буй 5 cистемийг танилцуулав. Эдгээр системүүд хөдөө аж ахуйг цахимжуулахад цаашид хамтран хийх олон ажлуудын эхлэл болно гэж үзэж байна.
ТҮНШ ОРНУУДТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА
Монгол Улс - Оросын Холбооны Улс:
Газар тариалангийн техникийн шинэчлэл хөтөлбөрийн хүрээнд:
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолоор “Атрын-III аян”-ыг үндэсний хэмжээнд зохион байгууллахаар болж “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг 2017-2018 онд хэрэгжүүлэхээр болсон. ОХУ-ын Внешэкомном банкны 10.0 сая долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр 2017 онд ОХУ-ын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 7 компаниас 23 нэр төрлийн 557 ширхэг хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгслийг Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм Лизинг” худалдан авч, дамжуулах түрээсийн гэрээний дагуу нийт 250 орчим аж ахуйн нэгж, иргэдэд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан хүлээлгэн өгсөн.
ОХУ-ын Внешэкомном банкны 8.4 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр 2018-2019 онд ОХУ-ын 4 үйлдвэрлэгч компаниас 21 нэр төрлийн 212 ширхэг техник, тоног төхөөрөмжийг Монгол улсад оруулж ирэн 64 аж ахуйн нэгж, иргэдэд олгосон.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон ОХУ-ын Аж үйлдвэр худалдааны яам хоорондын санамж бичиг”-ийг байгуулсан. Уг Санамж бичгийн хүрээнд ОХУ-ын Внешэкомном банкны 12 сая долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж импортлон, Монгол Улсын баруун болон зүүн зүсэд 2 элеватор барих санхүүжилтийг шийдвэрлэхээр тохиролцсон. Төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр ХХААХҮЯ-ны БТГ-ын дарга Ц.Болорчулуун тэргүүтэй төлөөлөгчид, Хаанбанкны төлөөлөл, ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын дарга М.В.Васильев нар ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам, Внешэкономбанк, Росэкзимбанк төлөөлөгчидтэй цахим хурал зохион байгуулан цаашид хамтран ажиллах төлөвлөгөөг ярилцав.
Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд:
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Хөдөө аж ахуйн ажлын хэсгийн гуравдугаар хурал 2016 оны 12 сарын 12-нд болсон ба уг хурлын протоколд Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар үе шатны хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр тусгагдсан. Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо болсон Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад “Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд Монгол Улсад 4,2 сая тун вакцин нийлүүлэх “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэх гэрээнд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гарын үсэг зурсан. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар Оросын Холбооны Улсын “Холбооны Малын Эрүүл Мэндийн Төв”-д үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх О, А хэвшлийн тосон хүчлүүрт вакцин нийт 4,2 сая тунг нийлүүлэхээр болсон. Буцалтгүй тусламжийн хэмжээ нийт 95.0 сая рубль юм. Төслийн хүрээнд шүлхийн вакцин 4,2 сая тунг хүмүүнлэгийн тусламжаар 4 хувааж нийлүүлсэн ба 2017 онд нийт 2,8 сая тунг, 2018 онд 1,4 сая тун вакциныг Монгол Улсад хүлээн авснаар “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатыг амжилттай хэрэгжүүлж дууссан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 2019 оны 03 дугаар сарын 13 - наас 18 - ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтай уулзалт хийн “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн 1, 2 дугаар үе шатыг амжилттай хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг дүгнэн, цаашид хөтөлбөрийн III үе шатыг хэрэгжүүлэх шаардлага байгааг онцолсон. Тус уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевт хөтөлбөрийн 3 дугаар үе шатны шинэчилсэн төслийг хүлээлгэн өгсөн бөгөөд ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны зүгээс тус улсын Засгийн газраас чиглэл ирсэн тохиолдолд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Монгол, Оросын Хөдөө аж ахуйн яам хоорондын ажлын хэсгийн хуралдаан:
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам хоорондын Ажлын хэсгийн 6-р хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Яам хоорондын ажлын хэсгийн хуралдааныг Монголын талаас ХХААХҮЯ-ны БТГ-ын дарга Ц.Болорчулуун, Оросын талаас Хөдөө аж ахуйн Гадаад харилцааны газрын дарга нар даргалан оролцов. Хуралдааны дүнгээр Протоколд гарын үсэг зурсан бөгөөд дараах саналуудыг тусгасан болно. Үүнд:
Мал эмнэлгийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
Монгол Улсаас ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн, нөөшилсөн мах экспортлох, экспортын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
Дотоодын улаанбуудайн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-аас 2021 онд 150.0 мянган тонн хүнсний улаанбуудай, 20.0 мянган тонн үрийн улаанбуудай худалдан авах;
ОХУ-аас бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр болон тослог ургамал импортлох;
ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны “Нэгдсэн мэдээллийн систем”-ээс туршлага судлах зэрэг болно.
ОХУ-ын “Русская кожа” хувьцаат нийгэмлэгт арьс шир бэлтгэн нийлэх тухай:
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Арьс, ширний бэлтгэн нийлүүлэлт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК болон Оросын Холбооны Улсын “Русская кожа” Хувьцаат нийгэмлэг хоорондын Санамж бичгийг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд ОХУ-ын "Русская кожа" хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Андрей Низов, "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн захирал Б.Баатар нарийн видео хурлыг 2020 оны 04-р сарын 16-ны өдөр зохион байгуулсан. Аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан Монгол-Оросын Ажлын хэсгийн хоёрдугаар цахим хуралдааны үеэр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа харилцан илэрхийлсэн болно.
Монгол Улс - Бүгд Найрамдах Хятад Ард Улс
БНХАУ-ын хөдөө аж ахуй, хөдөө тосгодын яам:
ХХААХҮ-ийн сайд, төлөөлөгчид 2019 оны 06 дугаар сард БНХАУ-ын ХААХТ-ын сайд Хан Чанфү-ийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсний мөрөөр Зөвлөлдөх ажлын хэсгийн VII хуралдааныг 2019 оны 08 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хуралдаанаар дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
Олон Улсын байгууллагын тавцанд харилцан биенээ дэмжин ажиллаж, БНХАУ-аас санхүүждэг “Итгэлийн сан”-ийн дэмжлэгтэй, НҮБ-ын Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын зүүн бүсийг эрүүлжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон.
МЭЕГ-ын дарга Д.Түмэндэмбэрэл, БНХАУ-ын төлөөлөгчдөд “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль болон Монгол улсын мал эмнэлгийн салбар, өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын (OIE) зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Хятадын тал техникийн туслалцаа үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Экспорт, импортын аюулгүй байдлын хамтын ажиллагааны дэд сайд нарын түвшний ажлын хэсгийн хурал:
“Хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Монгол-Хятадын хэлэлцээр”-ийг 2009 онд байгуулсан бөгөөд уг хэлэлцээрийн 5.1-д Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд 2 жил тутамд Дэд сайдын түвшний хуралдааныг зохион байгуулж байхаар тусгасан. Энэхүү Дэд сайд нарын түвшний ажлын хэсгийн IV уулзалтыг 2018 оны 12 дугаар сарын 10-наас 12-ны хооронд Бээжин хотноо зохион байгуулав. Энэ хурлын үр дүнд 2019 онд сүү, сүүн бүтээгдэхүүн, хөх тариа болон улаан буудайн гурил, адууны дайвар бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд экспортлох үеийн хорио цээрийн нөхцлийг тохирох, мах, махан бүтээгдэхүүн экспортын хэмжээг нэмэгдүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг тус тус хүлээн авав.
Мах, махан бүтээгдэхүүн: 2019 оны 6-9 сард МХЕГ болон МЭЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан бүх ААН-д эрсдэлийн үнэлгээг хийж, ХХААХҮ-ийн сайдын Зөвлөлийн хуралд танилцуулан, хорио цээрийн шалгуур үзүүлэлтэд нийцсэн нийт 25 ААН-д зөвшөөрөл олгох хүсэлтийг Хятадын талд хүргүүлэв. Хятадын талаас, 2019 оны 12 сард 10 үйлдвэр, 1 ферм болон төрийн захиргааны байгууллагын хяналтын үйл ажиллагааг шалгах Эрсдэлийн үнэлгээний багийг Монгол улсад томилон ажиллуулав. Энэхүү 10 ААН-ийг Хятадын талаас түүврийн аргаар сонгосон бөгөөд үйлдвэрүүд шаардлага хангаж байгаа тохиолдолд хүсэлт гаргасан 25 ААН-д экспортын зөвшөөрөл олгохыг мэдэгдэв.
Эрсдэлийн үнэлгээний тайланг 2020 оны 04 сард Хятадын талаас ирүүлсэн бөгөөд 10 ААН тус бүрд үйлдвэрлэлээ засаж сайжруулах Зөвлөмжийг хүргүүлсэн байв. Зөвлөмжийн дагуу сайжруулсан мэдээллийг бэлтгэн 2020 оны 06 сард Хятадын талд илгээв.
Эрсдэлийн үнэлгээний үр дүнд, “МУ-аас БНХАУ руу экспортлох адууны дайвар түүхий эдийн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Протокол”-ыг байгуулж экспортын эрх зүйн орчныг бий болгохоор шийдвэрлэв.
Сүү, сүүн бүтээгдэхүүн: 2018 оны 01 сард Хятадын талаас хяналтын асуумж ирүүлж нийт 4 удаа хариу илгээснийг үндэслэн 2019 оны 11 сард БНХАУ-ын ГЕГ-аас эрсдэлийн үнэлгээний Ажлын хэсгийг Монгол улсад томилон ажиллуулав. Хятадын талаас 2020 оны 02 сард үнэлгээний тайланг ирүүлж Монгол улсад малын гоц халдварт зарим өвчний дэгдэлт, тархалт дунд хэмжээний эрсдэлтэй гэж үнэлсэн байв. Монголын талаас энэхүү тайлангийн хариуг 2020 оны 04 сард Хятадын талд илгээв.
Хөх тариа, улаан буудайн гурил: 2019 оны 06 сард БНХАУ-ын ГЕГ-аас эрсдэлийн үнэлгээний Ажлын хэсгийг Монгол улсад томилон ажиллуулав. Нийт хүсэлт гаргасан 13 ААН болон тариалангийн талбайд үнэлгээ хийв. Эрсдэлийн үнэлгээний ажлын мөрөөр, “МУ-аас БНХАУ руу экспортлох хөх тариа, улаан буудайн гурилын ургамлын хорио цээрийн шаардлагын тухай Протокол”-ыг тохиролцож гарын үсэг зурахад бэлэн болгов.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар:
“Монгол – Хятадын Экспо” гурав дахь удаагийн арга хэмжээг 2019 оны 9 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд “Монгол–Хятад–Оросын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” сэдвийн хүрээнд үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэсэн 4 чиглэлээр нийт 13 арга хэмжээг ӨМӨЗО-ны Улаанцав, Хөх хот, Тунглиао хотуудад зохион байгуулав.
“Монгол-Хятадын Экспо” гурав дахь удаагийн арга хэмжээнд Монгол Улсаас 450 аж ахуй нэгж, 1,200 орчим зочид төлөөлөгч оролцож, бараа бүтээгдэхүүнээ борлуулах, сурталчлах нөхцөл боломжоор хангасан.
Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Хөх хотод зохион байгуулсан ба Монгол Улсаас хөнгөн ба хүнсний үйлдвэрийн 400 аж ахуйн нэгж оролцож нийт 7.2 сая юань буюу 2.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх Экспогийн борлуулалтаас 8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Мах, махан бүтээгдэхүүний экспорт:
2018 онд: Монгол Улсаас БНХАУ-ын зах зээлд адууны мах экспортлох эрхтэй 18 ААН, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй 17 ААН, нядалгааны эрхтэй 8 ААН мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж байна. Үүнээс нийт 79,0 сая ам.долларын дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүнийг экспортолсон байна.
2019 онд: 54 000 тн гүн хөлдөөсөн адуу болон дулааны аргаар боловсруулсан үхрийн махыг экспортолсон.
2020 онд: Ковид-19 цар тахлын нөлөөгөөр дотоодод махны хомстол, үнийн өсөлт бий болохоос сэргийлэн 2020.01.31-нээс эхлэн махны экспортыг түр хугацаагаар хязгаарлах арга хэмжээг авч эхлэв. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Эрээн хотын ГЕГ-тай цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийг тохирч, 2020 оны 06 дугаар сараас эхлэн гүн хөлдөөсөн адууны махны экспортыг эхлүүлэн 2817 тн-ыг экспортлоод байна. Дулааны аргаар боловсруулсан үхрийн махны экспортыг эхлүүлэн бэлтгэл ажлыг ханган ажиллав.
Монгол Улс – Япон Улс:
Монгол-Японы хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн мөрөөр Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх Хамтын ажиллагааны дэд хорооны анхдугаар хурал /2018.12.04, УБ хот/, Япон-Монголын Төр хувийн хэвшлийн IX уулзалт, Япон-Монголын бизнес форум /2018.12.12-14, Токио хот/ тус тус зохион байгуулагдав. Уг арга хэмжээнүүдэд ХХААХҮ-н салбарт төрөөс баримталж байгаа бодлогын талаар танилцуулж, Япон Улс руу экспортолж байгаа ХАА-н гаралтай зарим бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх чиглэлээр хэлэлцээр хийв. Мөн Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны албаны хүмүүстэй хийсэн уулзалтын үр дүнд хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн ээрэх үйлдвэр байгуулахад хамтран ажиллахаар тохиролцоод байна.
2021 оны 4 дүгээр сарын байдлаар Япон Улсруу Мах, махан бүтээгдэхүүн экспортолох 2 талын хорио цээрийн протокол тохирох 2 дах удаагийн асуумж батлуулахаар ажиллаж байна.
Монгол Улс – Бүгд Найрамдах Солонгос улс:
Монгол - Солонгосын Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтарсан хорооны 7 дугаар хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 12-нд зохион байгуулав. Хуралдааны протоколд мал аж ахуй, газар тариалангийн салбарт хамтран ажиллах санал, хамтран хэрэгжүүлэх төсөл, “Халх Гол бүтээн байгуулалтын бүс нутаг”-т хамтран ажиллах мөн КОПИА байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт Солонгос улсад боловсон хүчнийг мэргэшүүлэх зэрэг нийт 9 санал тусгагдав. Сүүлийн жилүүдэд хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь яам хоорондын шууд хамтын ажиллагаа өргөжихийн зэрэгцээ аймаг, мужийн хооронд харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжүүлэхэд тус яамнаас байнга дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.
ХАА-н “Халх гол” Үндэсний бүтээн байгуулалтын хамтын ажиллагаа:
Солонгосын хөдөөгийн эдийн засгийн хүрээлэнгээс хэрэгжүүлдэг KAPEX (Korean Agricultural Policy Experiences for Food Security) хөтөлбөрийн 2018 оны үйл ажиллагаанд хамрагдаж, “Монгол улсын зүүн бүсийн эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэмүү өртгийг дээшлүүлж, экспортын чадавхыг бэхжүүлэх” төслийн сэдвийн хүрээнд хоёр удаагийн уулзалт, хоёр удаагийн сургалт, Дорнод аймгийн мах, махан бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээний талаар хамтарсан судалгааг амжилттай хэрэгжүүлсэн.
Монгол Улс - Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс:
Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газар хоорондын комиссыг хоёр улсын Хөдөө аж ахуйн сайд нар тэргүүлдэг. Комиссын 16 дугаар хуралдааныг 2017 оны 8 дугаар сарын 8-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж хөдөө аж ахуйн салбарт, Монгол Улсаас Вьетнам Улсад гүн хөлдөөсөн мах экспортлохтой холбоотой эрүүл ахуйн гэрчилгээ, Вьетнам Улсаас Монгол Улсад нийлүүлэх гахай, тахианы махны эрүүл ахуйн гэрчилгээг тус, тус тохирохоор болсон. Энэ ажлын хүрээнд эрсдлийн үнэлгээ хийх Монгол, Вьетнамын Ажлын хэсэг байгуулагдсан. Мөн мал аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, малын үүлдэр угсааг сайжруулах, техник технологийн туршлага солилцох, мал эмнэлгийн салбарт төлөөлөгч солилцох зэргээр хамтран ажиллахаар тохиролцсон.
Мах, махан бүтээгдэхүүний экспорт:
Монгол Улсаас Вьетнамд нийлүүлэх дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуйн гэрчилгээг харилцан тохирсон бөгөөд Вьетнамын тал Монгол Улсын Преком, Траст трейд, Хатан сүйх, Мах Маркет зэрэг 4 үйлдвэрийг магадлан итгэмжилсэн. Мөн Монгол Улсаас Вьетнам Улсад нийлүүлэх гүн хөлдөөсөн махны гэрчилгээг ойрын хугацаанд баталгаажуулж, үйлдвэрүүдэд хянан магадалгаа хийхээр тохирсон. Энэ асуудлаар 2 удаа холбогдох асуумжийн хариуг боловсруулан айлын талд хүргүүлж, эрсдлийн үнэлгээ хийх Ажлын хэсгийг МУ-д ирүүлэх тухай 2 удаа албан бичгээр хүсэлт гаргаад байна. Мөн Комиссын хуралдаанаар тохирсоны дагуу Вьетнам Улсаас Монгол Улсад нийлүүлэх гахай, тахианы махны эрүүл ахуйн гэрчилгээг тохирох, хянан магадалгаа хийх Ажлын хэсэг Вьетнамд ажиллан холбогдох Мал эмнэлгийн байгууллагатай уулзалт хийн дээрх ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.
Монгол Улс – Европын Холбоо:
Монгол Улсад 2013 оны 04 дүгээр сард зохион байгуулагдсан Ардчилсан орнуудын нийгэмлэгийн хурлын үеэр Монгол Улс Европын холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээнд гарын үсэг зурсны дагуу хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны боломжийг судлахаар Европын холбооны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд мөн оны 07 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийсэн. Айлчлалаар Монголын хөдөө аж ахуйн гаралтай мах, чацаргана зэрэг хүнсний бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах, органик “Монгол бренд”-ийг бий болгон Европын зах зээлд гаргах, хөдөө аж ахуйн салбарт тухайлбал мах, сүүний фермийн аж ахуй, үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, татаас, урамшууллын механизмийг боловсронгуй болгоход Европын Холбооноос бодлого арга зүйн дэмжлэг авах, Монгол Улсын арьс ширний үйлдвэрлэлийн салбарт Европын Холбооны стандарт нутагшуулах, евро стандартад нийцсэн иж бүрэн лаборатори байгуулах, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар зарчмын хувьд тохиролцсон.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт евро стандартыг нэвтрүүлэх, Европын холбооны хөнгөлөлтийн татварын системийн хүрээнд Монголын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн тэр дундаа малын өлөн гэдсэн бүтээгдэхүүн, чацаргана, зөгийн бал, арьс шир, ноос ноолуулан бүтээгдэхүүн зэрэг онцлог бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах бодит боломжийг бүрдүүлэхэд Европын Холбоотой нягт хамтран ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газар, Европын холбооны хамтын ажиллагааны хүрээнд мал аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртөгийн сүлжээг сайжруулах, техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбар болон Монгол улсын стандартчилалын тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааг бэхжүүлэхэд олон амжилттай төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.
“Малын эрүүл мэнд, мал аж ахуйн зах зээл” төслийг 2008-2012 онд Улаанбаатар хот, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудад амжилттай хэрэгжүүлсэн.
Энэ төсөл нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Хөдөө аж ахуйн их сургууль, Биокомбинат, хэрэгжиж буй аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын мал эмнэлгийн лабораторид оношлогоо шинжилгээний иж бүрэн тоног төхөөрөмж, аж ахуйн нэгжүүдэд мах, сүү бэлтгэх, боловсруулах тоног төхөөрөмжийг нийлүүлэн, малчид, мэргэжилтэнгүүдэд олон сургалт семинарыг зохион байгуулж оюуны хөрөнгө оруулалтыг хийсэн. Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд мал эмнэлгийн байгууллагын мал, амьтны өвчнийг түргэн шуурхай оношлох, өвчнөөс сэргийлэх, эмчлэх чадавхи сайжирч, мах, сүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах лабораторийн чадавхи дээшилсэн болно.
Монгол Улс - Унгар Улс:
Монгол Улс Унгар Улстай 1950 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн онд 70 жилийн ой тохиосон. Сүүлийн жилүүдэд хоёр улсын Төрийн тэргүүн болон Засгийн газрын гишүүдийн харилцан айлчлал нэмэгдэж хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байна. Монгол Унгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны Монголын хэсгийн даргаар ХХААХҮЯ-ны ТНБД томилогдон ажиллаж байна. Өмнөх ЗГХК-ын 6 дугаар хуралдааныг монголын талаас ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ахлан Будапешт хотод 2019 онд оролцсон байдаг. Комиссын 7 дугаар хуралдааныг Улаанбаатарт хийх хуваарьтай.
Хоёр орны хамтын ажиллагааны илрэл болсон Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийг Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт хэлэлцээрийн нэмэлт оруулан Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар соёрхон баталсанаар хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийг Унгарын “Мега-Ложистик” ХХК-тай “Биокомбинат үйлдвэрийн өргөтгөлийн барилга, байгууламжийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гүйцэтгэж байна.
Монгол Улс сүүлийн 3 жилд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин 19.7 сая/тун, бог малын мялзангаас сэргийлэх вакцин 32.3 сая/тун, хонийг цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин 23.6 сая/тун гадаадаас импортоор авч, нийт 7.5 сая ам. долларыг зарцуулсан байна. Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр баригдсанаар гадагшаа чиглэсэн валютын урсгалыг зогсоож, цаашид экспортлох боломж бүрдэж жилд дунджаар 10 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх, 10-15 сая тун мялзан өвчнөөс сэргийлэх, 20 сая тун цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно. Монгол орны мал сүргийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд дээшилснээр нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх халдварын эрсдэл буурч, хүн амын хүнсний баталгаат байдлын халдвараас хамаарах аюул үлэмж хэмжээгээр багасаж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, малчдын амьжиргаа дээшлэх зэрэг шууд болон дам эерэг үр дүн гарах юм.
Цаашид хоёр талын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх бүрэн боломжтойг харгалзан усны менежмент, хөдөө аж ахуйн салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхээр хэлэлцэн ажиллаж байна.
Монгол Улс - Бүгд Найрамдах Франц Улс:
Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад харилцааны сайдын 2013 оны 10 дугаар сард Монгол Улсад хийсэн албан айлчлалын үеэр “Монгол-Францын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан. Тус Санамж бичиг болон Монгол Улсын Засгийн газрын хот суурин газрын хүн амыг шинэ сүү, сүүн бүтээгдэхүүнээр тогтмол хангах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор эрчимжсэн фермерийн аж ахуйг байгуулахаар Монголын аж ахуйн нэгжүүд Франц улсаас өндөр ашиг шимтэй мах, сүүний чиглэлийн үүлдэрийн үхэр, ямааг импортлон оруулж ирэх болсон билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц Улсад хийсэн мөн айлчлалын хүрээнд “Эрчимжсэн үхрийн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах” тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн яам хоорондын хамтын ажиллагааны Эрмэлзэх бичгийг байгуулсан ба Франц Улсаас малын генийг сайжруулах, зохиомол хээлтүүлгийн салбарт түлхүү хамтран ажиллахаар тохиролцсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНФУ-д 2015 оны 11 дүгээр сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр 2012 онд дуусгавар болсон Францын хүнсний тусламжын сан байгуулах хэлэлцээрийг шинэчлэн байгуулаж гарын үсэг зурсанаар хүнс, хөдөө аж ахуйн салбарт өрхийн аж ахуйг дэмжих зорилгоор хөнгөлттэй бичил зээлийг сонгосон аймгуудад 2016 оноос хойш идэвхтэй олгож байгаа билээ. Мөн сангийн хөнрөнгийн 10 хувийг байгалийн гамшигт өртсөн аймаг сумдуудад буцалтгүй тусламж хэлбэрээр олгож байна.
Монгол Улс - Холбооны Бүгд Найрамдах Герман Улс:
ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагддаг “Ногоон долоо хоног” Олон улсын үзэсгэлэн яармагт яамны зүгээс жил болгон оролцож байна. ХХААХҮ-ийн сайд асан Ч.Улаан 2020 оны 01 дүгээр сард ХБНГУ-ын Берлин хотноо “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг, Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалтад салбар хуралдааныг ахлан оролцсон бөгөөд хөгжингүй орнууд маш өндөр шаардлага бүхий стандарт тогтоох замаар тарифын бус хязгаарлалтыг хөгжиж буй орнуудад тавьж байгаа, үүний улмаас худалдааны жигд бус тогтолцоо тогтож, худалдааны эргэлт тэнцвэртэй бус байгаа, хөгжингүй орнууд энэ чиглэлээр тодорхой дэмжлэг үзүүлж байх шаардагатай талаар Монгол Улсын байр суурийг дэлхий дахинд илэрхийлсэн. 2021 оны 01 дүгээр сард зохион байгуулагдсан мөн хуралд З.Мэндсайхан тэргүүтэй тус яамны төлөөлөл цахимаар оролцож Монгол улсын салбарын бодлого, зорилт зорилгыг тэмдэглэн дуу хоолойгоо өргөж амжилттай оролцсон юм.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс болон Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2012 оны 11 сард Холбооны Хүнс, хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яам /тухайн үеийн нэрээр/, Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хамтран Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ. Үүний хүрээнд “Тогтвортой газар тариалан” төсөл 2013 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж эдүгээ 3 дахь үе шатандаа хэрэгжиж Газар тариалангийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, Газар тариалангийн салбарын институцийн чадавхийг бэхжүүлэх болон Газар тариалангийн салбарын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байна.
Монгол Германы салбарын хамтын ажиллагааны хүрээнд Германаас өндөр ашиг шимт мах сүүний үхрийг импортолсон бөгөөд 2015 онд мах сүүний чиглэлийн өндөр ашиг шимт Симменталь үүлдрийн бухны 2000 тун үрийг хүлээн авч малын удмын санг баяжуулж, мал амьтны генийг хадгалах, хамгаалах чиглэлээр хоёр орны холбогдох судалгаа, шинжлэх ухааны институтын хамтын ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа билээ.
Монгол Улс - Бүгд Найрамдах Болгар Улс:
Болгарын техник, эдийн засгийн тусламжтайгаар 1972 онд Улаанбаатар хотноо Дэвшил сангийн аж ахуйг байгуулснаар Монгол, Болгарын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Энэ үеэс нийт 6 га талбай бүхий орчин үеийн шилэн хүлэмжийн аж ахуйг байгуулан нийслэлийн хүн амыг жилийн туршид шинэхэн улаанлооль, өргөст хэмхээр хангаж ирсэн. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн Газар хоорондын комиссын 6 дугаар хуралдаан 2016 оны 04 дугаар сард Софи хотноо зохион байгуулагдаж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Монголын талыг даргалан оролцсон, Комиссын (ЗГХК) ээлжит 7 дугаар хуралдааныг 2019 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулсан.Хурлын Протоколын хүрээнд Хүлэмжийн аж ахуй чиглэлээр хамтран ажиллаж Болгарын хүлэмжийн өндөр ургац, чанартай үр сортыг Монголд нутагшуулах, үржүүлэх чиглэлээр хоёр орны Газар тариалангийн хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Мах, сүүний аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрийг байгуулахад хамтран ажиллах, үүнд хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, түүнчлэн Монголын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, фермерүүдийг, тэр дундаа жимс жимсгэнэ тариалагчдыг Болгарт богино, дунд хугацааны сургалт, танилцах аялалд хамруулах, боловсон хүчин бэлтгэх, мэргэжилийн туршлага харилцан солилцох цогц хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломж бүрдсэн юм. Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Монгол Улсад 2015 онд айлчлах үеэр байгуулсан “Хөдөө аж ахуйн салбарын техник туслалцааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Болгар Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын газар тариалангийн салбарт чухал ач холбогдолтой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд хэрэгжилтийг хангах чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байна.
Монгол Улс – Америкийн Нэгдсэн Улс:
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан АНУ-ын Дэлхийн банкны төв байранд 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Монголын соёлын өдрүүд арга хэмжээнд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн яармаг, Нью-Иорк хотноо нээгдэх “Mongolian Gallery”-н нээлтийн арга хэмжээг 2020 оны 02 дугаар сарын 07-16-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон, Нью-Иорк хотуудад ГХЯ, ХХААХҮ, Export Mongolia Олон улсын худалдааны төв хамтран зохион байгуулсан.
Америк дахь Монголын соёлын өдрүүдээр Америкийн Худалдааны яам болон Худалдааны төлөөлөгчийн газартай холбогдох уулзатуудыг зохион байгуулан, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ноос, ноолууран сүлжмэл эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүний худалдааг дэмжих, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон.
Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Америкийн ХААЯ-тай хамтран дараах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Үүнд:
Америкийн Нэгдсэн Улсын Хөдөө аж ахуйн яамны Хүнсний аюулгүй байдал, хяналтын газраас АНУ-ын гахай, шувууны мах болон мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улсад худалдан борлуулах, импортлох, харилцан ашигтай ХАА гаралтай бүтээгдэхүүний худалдааны эрх зүйн орчинг бий болгох;
Америкийн ХААЯ-тай хамтран хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хүлэмжийн салбарт хөрөнгө оруулах чиглэлээр ажиллах, туршлага судлах, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн хөрөнгөөр Монгол Улсын хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
Газар тариалангийн салбарт, нэн ялангуяа улаан буудайн тариалалтад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах чиглэлээх хамтын ажиллагааг эхлүүлэх;
Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (USAID) Монголын ноолуурын салбарыг дэмжих зорилгоор брендингийн техникийн туслалцаа авах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр тус тус хамтны ажиллагааг эхлүүлэн хэрэгжүүлэн ажилллаж байна;
Монгол Улс - Канад Улс:
ХХААХҮЯ болон Канад Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хооронд салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг 2010 онд байгуулсан. Уг Санамж бичгийн хүрээнд яамд хоорондын хамтарсан хорооны хоёрдугаар хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Энэ хуралдаанаар Монгол, Канадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, хоёр орны яам хоорондын хийх ажлууд болон санал солилцох асуудлуудыг тусгасан. Хуралдааны мөрөөр “Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон үр тарианы сорт гаргах, нутагшсан сортын үр үйлдвэрлэх”, “Газар тариалангийн дэвшилтэт техник, технологийн сургалт” зэрэг хоёр төслийн саналыг боловсруулан 2020 оны 06 дугаар сард албан бичгээр ГХЯ-ны АОДАГ болон Канад Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд тус тус хүргүүлсэн. Одоогийн байдлаар Канадын талаас судлаж үзэж байгаа гэсэн хариу ирүүлж, дэлхий даяар үүсээд буй цар тахал намжсаны дараа хамтран ажиллах боломжтойг дурьдаад байна.
Монгол улс - Бүгд Найрамдах Аргентин Улс:
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотноо зохион байгуулагдсан Олон Улсын “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг, “Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний 12 дахь чуулга уулзалт”-д оролцох үеэрээ Бүгд Найрамдах Аргентин Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуйн сайд Луис Евгенио Бастерратай хоёр талын уулзалт хийж, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах яам хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын Санамж Бичигт 2020 оны 01 дүгээр сард харилцан гарын үсэг зурав. Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлсэн Гурван талт хамтын ажиллагааны төслийн 1, 2 дугаар үе шат амжилттай хэрэгжсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, төслийн 3 дугаар үе шатыг эхлүүлэхэд дэмжлэг хүссэн. Тус уулзалтын мөрөөр тогтвортой хөгжил, шинжлэх ухаан болон техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хөгжиж буй орнуудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг Аргентины Өмнөд-Өмнөд болон гурван талт хамтын ажиллагааны сангийн шугамаар Аргентины Үндэсний хүнсний аюулгүй байдал, чанарын алба “SENASA”-гаас удирдан хэрэгжүүлэх “шүлхийн өвчний хяналтыг сайжруулах” хөтөлбөрийн саналыг Аргентины талд уламжилсан.