
Өнөөдөр (2025.06.09) Гадаад харилцааны яаманд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” сэдэвт мэдээллийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд эдийн засгийн ухааны доктор Р.Ринчинбазар уригдан ирж бүсчилсэн хөгжлийн онолын үндэслэл, олон улсын жишиг, хандлага, манай улсад хэрэгжүүлж ирсэн бодлого, үйл ажиллагааны талаар болон шинэчлэн батлагдсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, түүнд тулгуурласан нийгэм, эдийн засгийн бодлогын онцлогийн талаар тус яамны ажилтнууд, дипломатуудад дэлгэрэнгүй тайлбарлаж, санал солилцлоо.

Улс орныг бүсчлэн хөгжүүлэх бодлого тогтвортой, тэнцвэртэй хөгжлийн нэг чухал тулгуур болдог бөгөөд нутаг дэвсгэрийн бүх хэсэгт аливаа боломжийг нээлттэй, хүртээмжтэй болгох, иргэдийн амьдрах таатай орчныг тэгш бүрдүүлэхэд чиглэдэг ажээ.

Хөгжлийн хэт төвлөрөл нь нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал үүсгэдэг сөрөг үр дагавартай бол бүсчлэлд суурилсан бодлого нь орон нутгийн онцлог, нөөц бололцоог харгалзан хөгжлийг жигд түгээх, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үндэс болдог.

Бүсчлэн хөгжүүлэх нь улс орны дотоод бодлогод хамаатай төдийгүй хөрш орнуудтай хөгжүүлж буй харилцаа, цаашилбал бүс нутаг, олон талт харилцаа, хамтын ажиллагаанд шууд холбогддог, энэ утгаараа гадаад бодлого, үйл ажиллагаатай нарийн уялдаатай байх нь чухал гэдгийг арга хэмжээнд оролцогчид онцлон хэлж, санал бодлоо илэрхийллээ.