
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг Улсын Зэвсэгт хүчний хамтарсан 17 дахь удаагийн “Нүүдэлчин Заан 2025” сургалт, дадлага 2025 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 13-ны өдрүүдэд Монгол Улсад амжилттай явагдаж өндөрлөлөө.

Энэхүү сургалт нь хоёр улсын Батлан хамгаалах хамтын ажиллагааг бэхжүүлэх, энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр явагддаг сургалт юм. Монгол Улс, БНЭУ-ын Зэвсэгт хүчний хамтран ажиллах чадвар дээшилж, тохиолдсон цагийн байдалд шийдвэр гаргах хурд, уялдаа холбоо, энхийг дэмжих ажиллагаанд хамтран оролцох олон улсын чадавхийг бэхжүүлэв, цэргийн алба хаагчид мэргэжлийн ур чадвараа ахиулж, харилцан туршлага солилцсон сургалт боллоо.

Сургуулийн хаалтын ажиллагаанд Зэвсэгт Хүчний Жанжин Штабын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, БНЭУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга ноён Ражеш Кумар Сингх, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Атул Малхари Готсурве нар оролцлоо. Хоёр улсын Батлан хамгаалах салбарын өндөр түвшний удирдлагууд сургалт, дадлагын хаалтын ажиллагаанд оролцсон нь “Нүүдэлчин Заан 2025” сургалт нь зөвхөн цэргийн хамтын ажиллагаа төдийгүй Монгол, Энэтхэгийн уламжлалт найрсаг харилцааг бататгаж буй олон улсын түвшний чухал арга хэмжээ болсон юм.

