
Гадаад харилцааны сайд Б. Батцэцэгт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Суурин төлөөлөгчөөр томилогдсон Дяо Чин-юнь энэ 7 дугаар сарын 1-ний өдөр Итгэмжлэх захидлаа гардуулав.

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзах үеэрээ Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримталж буй бодлогын талаар танилцуулж, Монгол Улс, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Суурин төлөөлөгч Дяо Чин-юнь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлээд, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болон “Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын 17 дугаар бага” хурлын бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаа тэмдэглэв.
Суурин төлөөлөгч Дяо Чин-юнь нь БНХАУ-ын иргэн бөгөөд БНХАУ-ын Зөгийн аж ахуйн судлалын хүрээлэнд эрдэмтэн, удирдлагын хэлтсийн дарга, нэгжийн захирал, төслийн захирал, 2018-2023 онд Мексик дэх БНХАУ-ын ЭСЯ-нд Хөдөө аж ахуйн салбар хариуцсан нэгжийн дарга, 2023-2025 онд Намиби дэх НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан.
