
Боловсролын сайдын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн "Чиглэл батлах тухай" А/229 дүгээр тушаалын хавсралтаар "Хос хэлний боловсрол, сургалт зохион байгуулахад баримтлах чиглэл"-ийг баталсан.
Дээрх чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд Боловсролын яам, харьяа байгууллагууд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
📌Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрт нийцүүлэн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, арга зүйн зөвлөмж боловсруулах;
📌Сургалтыг хос хэлээр зохион байгуулахтай холбогдуулан агуулга болон хэлийг интеграцчилан суралцахуй (АХИС) арга зүйн удирдамж, казах, тува/цаатан хүүхдэд заах монгол хэл, бичгийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийг боловсруулах;
📌Эдүтэн болон цахим сургалтын хөтөлбөрүүдийг хос хэл дээр орчуулах;
📌Ерөнхий боловсролын сургуулиудыг энэхүү батлагдсан чиглэлд заасан ном, сурах бичиг, гарын авлагаар хангах;
📌Багшийн мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаа, мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах, нэгдсэн улирдлагаар хангах;
📌Баян-Өлгийн аймаг дахь мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөнд тусгах, хүний нөөцийг бэлтгэх, монгол хэл, бичгийн бэлтгэл/нэмэлт хөтөлбөр боловсруулах;
📌Казах, цаатан/тува иргэдэд зориулсан цахим ангийг "Мэдлэ" цахим сургуулийг түшиглэн нээх;
📌Казах, цаатан/тува иргэд эх хэлээ судлах, өв соёлоо уламжлан өвлүүлэх, үндэсний монгол хэл, бичгийн ур чадвараа дээшлүүлэх сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах;
📌Хос хэлний боловсрол, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэх.
Өнөөдөр "Хос хэлний боловсрол, сургалт зохион байгуулахад баримтлах чиглэл"-ийг хэрэгжүүлэхэд оролцогч талууд хамтарсан уулзалт зохион байгуулж, санал солилцлоо.