Sun Logo
АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ХУР ТУНАДАСНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГАТАЙ ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙН ТАЛААР ЦАХИМААР ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО
АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ХУР ТУНАДАСНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГАТАЙ ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙН ТАЛААР ЦАХИМААР ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) хур тунадасны хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагын мэргэжилтнүүдтэй цахим уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалт нь Монгол Улсад цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны технологийг шинэчлэх, олон улсын тэргүүн туршлагыг судлах, нутагшуулах зорилготой юм. Уулзалтын хүрээнд цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны шинэ технологи, хандлага, үр ашигтай аргачлалын талаар мэдээлэл солилцох, АНЭУ-ын туршлага, мэдлэг (ноу-хау)-г судалж, Монголын нөхцөлд нутагшуулах боломжийг хэлэлцэх, цаашдын хамтын ажиллагааны суурийг тавих зорилготой байв. Монголын талаас цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны өнөөгийн байдал, ашиглагдаж буй техник технологийн талаар танилцуулга хийж, илтгэл хэлэлцүүлэв. АНЭУ-ын мэргэжилтнүүд хиймэл дагуул, радар болон газар дээрх ажиглалтын өгөгдөлд суурилан хиймэл оюун ухааны тусламжтайгаар "хаана, хэзээ, ямар үүлэнд нөлөөлөхөд хамгийн үр дүнтэй вэ?" гэдгийг загварчилж, тухайн бүсэд дрон нисгэх байдлаар ажиллаж байгааг танилцууллаа. Уг дэвшилтэт технологи нь зардлыг мэдэгдэхүйц бууруулж, ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлж байгааг мөн онцолсон юм. АНЭУ-ын талаас цаг агаарт зориудаар нөлөөлөх чиглэлээр хийж буй сүүлийн үеийн судалгаа, нэвтрүүлж буй шинэ арга хэрэгсэл, техникүүдийн талаар сонирхолтой мэдээлэл хуваалцсан. Уулзалтын үр дүнд хоёр тал цаашид харилцан туршлага солилцох, Монгол Улсад АНЭУ-ын дэвшилтэт аргачлалыг нутагшуулах, техникийн туслалцаа авах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн хамтарсан судалгаа, сургалт зохион байгуулах, мэргэжилтнүүдийн түвшинд мэдээлэл солилцох боломжийг эрэлхийлэхээр болсон нь тус уулзалтын нэг чухал үр дүн байв.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
110
Сүүлийн 7 хоног:
207
Сүүлийн сар:
1042
Нийт:
1675
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР